Тесалоник дахь чуулганыхны төөрөгдөл Христ ирэхийг хүлээхээс илүүтэй байсан нь тэдний үймэлдэх гол шалтгаан болжээ. Эзэний ирэх өдөр аль хэдийнээ болчихсон гэх тэдний үнэмшилд Паулын 2 дахь захидал хариу өгсөн юм. Тэрээр энэ бодлыг засаж, Христийг ирэхээс өмнө Христийг эсэргүүцэгч “нүгэлт нэгэн” гэгдэх нууцлаг удирдагчийн дор нүгэл ба ёр муу дээд цэгтээ хүрнэ гэдгийг онцолсон байна.
Хэдийгээр бэрхшээл төвөг болоод зовлон зүдүүр тулгарч байгаа ч итгэлдээ бат үлдэн Паул хийгээд хамтран зүтгэгч нарынх нь адил амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх, сайныг үйлдсэн хэвээр байхын чухлыг Паул уншигчдадаа хандаж онцлон өгүүлжээ.
Мэндчилгээ
1 1 Паул болон Силуан, Тимот нараас бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. 2 [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
Талархал
3 Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм. 4 Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.
Христийг ирэх үед болох шүүлт
5 Зовж байгаа чинь Бурханы зөв шүүлтийн эгэл шинж тэмдэг бөгөөд ийн та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдоно. Учир нь та нар үнэхээр зовж байгаа билээ. 6 Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, 7 харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, 8 Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. 9 Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална. 10 Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм. 11 Тиймээс бидний Бурхан, та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. 12 Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мөн та нар ч Түүн дотор алдаршина.