Эхлэл

Лотын олзлогдсон ба чөлөөгдсөн нь

14

1 Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нарын өдрүүдэд тэрхүү хаадын эсрэг 2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер нар Белагийн (тэр нь одоогийн Зоар) хааны хамт босон дайтжээ. 3 Тэд бүгд Сиддимийн хөндий буюу Давст тэнгист цугларцгаав. 4 Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад арван гурав дахь жилдээ тэрслэн босжээ. 5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж 6 мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив. 7 Тэгээд тэд буцаж Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив. 8 Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд 9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын дөрвөн хаан дээрх таван хааны эсрэг жагсан гарчээ. 10 Сиддимийн хөндий барагшинт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав. 11 Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. 12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын дүүгийнх нь хүү болох Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ. 13 Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв. 14 Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ. 15 Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, 16 булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.

Абрамыг Мелхизедек хаан ерөөв

17 Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. 18 Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. 19 Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! 20 Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ. 21 Содомын хаан Абрамд — Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөртөө ав гэсэнд 22 Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд 23 чинийх гэгдэх юмнаас ширхэг утас, шаахайны уяа ч бай юу ч авахгүй гэж тангарагласан юм. “Би Абрамыг баян болгосон” гэж чи хэлэх вий. 24 Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд хувиа авцгааг гэжээ.