Леви

Амлалтын өргөл

27

 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Израилийн хөвгүүдтэй ярин “Хүнд хамаарах үнэлгээний талаар ЭЗЭНд зориулах онцгой ам өчгийг хүн өгөх үед 3 хориос жар хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ ариун газрын шекелээр тавин шекел мөнгө байх ёстой. 4 Хэрэв эмэгтэй байвал та нарын үнэлгээ гучин шекел байх ёстой.5 Хэрэв таван наснаас хорин нас хүртэлх хүн байвал эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ арван шекел байх ёстой. 6 Харин нэг сартайгаас таван нас хүртэлх хүн байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь таван шекел мөнгө, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ гурван шекел мөнгө байх ёстой. 7 Хэрэв жараас дээш насных байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь арван таван шекел, харин эмэгтэйд арван шекел байх ёстой. 8 Хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн нэгний хөрөнгө чадлын хэрээр тахилч түүнийг үнэлэг. 9 Хэрэв ЭЗЭНд тахил болгон өгөхөд зориулагдсан амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа амьтан ариун болой. 10Сайныг муугаар буюу мууг сайнаар орлуулж эсвэл сольж болохгүй. Хэрэв амьтныг амьтнаар солих аваас тэр нь болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно. 11 Хэрэв ЭЗЭНд өргөл болгон өргөдөггүй, бузар төрлийн амьтан байвал уг амьтныг тахилчийн өмнө тавина. 12 Тахилч үүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд тахилч таны үнэлгээний дагуу тогтооно. 13 Харин хүн түүнийг золихыг хүсвэл, үнэлсэн үнийнхээ тавны нэгийг түүн дээр нэмэх ёстой. 14 Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусган зориулах аваас тахилч түүнийг нь сайн муугаар үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу тогтоогдоно. 15 Харин орон сууцаа ариусган зориулсан нэгэн үүнийгээ золихыг хүсвэл, таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж орон сууц түүнийх болно. 16 Хэрэв хүн өмчийн талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулах аваас үнэлгээ тань түүнд шаардагдах үрийн хэмжээгээр байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгө болой. 17 Хэрэв тэр хүн талбайгаа эвэр бүрээдэлтийн жилээс эхлээд ариусган зориулах аваас энэ нь таны үнэлгээний дагуу тогтох ёстой. 18 Харин тэр хүн эвэр бүрээдэлтийн дараа талбайгаа ариусгавал дараагийн эвэр бүрээдэлтийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн тахилч мөнгийг тооцох ёстой. Энэ нь үнэлгээнээс нь хасагдах ёстой. 19 Харин талбайгаа ариусган зориулсан хүн түүнийгээ золихыг хүсвэл үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж талбай түүнд үлдэх болно. 20 Хэрэв тэр хүн талбайгаа золихгүй, харин уг талбай нь өөр хүнд худалдагдах аваас үүнийг цаашид золих боломжгүй болж, 21 эвэр бүрээдэлтээр уг талбай буцах үедээ хориг болсон талбайн адил ЭЗЭНд ариун болой. Энэ нь тахилчийнх болно. 22 Хэрэв хүн эзэмшлийнхээ бус, худалдаж авсан талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулбал, 23 тахилч түүнд эвэр бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь тооцох ёстой бөгөөд тэрээр мөнөөх өдөртөө үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгөх ёстой. 24 Эвэр бүрээдэлтийн жилд уг талбай нь талбайг зарсан хүнд, газрын өвийн эзэмшигчид буцаж очих болой. 25 Таны үнэлгээ бүр чинь ариун газрын шекелээр нэг шекел нь хорин гера байх ёстой. 26 Анх төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм. 27 Хэрэв бузар амьтан байх аваас таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн түүнийг золих ёстой. Хэрэв золигдохгүй байх аваас энэ нь таны үнэлсэн үнийн дагуу зарагдах ёстой. 28 Хүн өөрт байгаа бүхэн болох хүн, амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас ЭЗЭНд хориг болгосон алив зүйлээ зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл ЭЗЭНд ариунаас ариун юм. 29 Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй үхэх ёстой. 30 Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой. 31 Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг. 32 Бод болон бог малын арван хувь буюу шилбүүр доогуур гарч тоолуулсан арав дахь нь ЭЗЭНд ариун болох ёстой. 33 Үүнийг сайн, муу гэж ялгах хэрэггүй, сольж ч болохгүй. Хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв. 34 Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.