Долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч
15 1 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм. 2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. 3 Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав.
—Төгс хүчит
Эзэн Бурхан минь,
Таны үйлс
агуу бөгөөд гайхалтай.
Үндэстнүүдийн Хаан, Таны замууд
зөвт бөгөөд үнэн.
4 Өө, Эзэн, Танаас үл эмээх,
нэрийг тань эс алдаршуулах
хэн байх вэ?
Учир нь зөвхөн Та ариун билээ.
Бүх үндэстэн
Таны өмнө ирж, мөргөнө.
Учир нь Таны
зөвт үйлс илчлэгдсэн.
5 Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв. 6 Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ. 7 Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв. 8 Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэрэлчийн долоон гамшиг төгсөх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.