Тирийн төлөөх харуусал

27 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж

Хүний хүү чи, Тирийн тухай гашуудлыг гарга. Далайн үүдэнд оршиж, олон эргийн хүмүүсийн худалдааны газар Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«“Би төгс үзэсгэлэнтэй юм” гэж

Тир ээ, чи өгүүлэв.

Хил хязгаар чинь

 тэнгисийн зүрхэнд байна,

Чамайг босгогчид үзэсгэлэнг чинь

 төгс болгов.

Тэд Сенирийн жодоо модоор

 хамаг банзыг чинь хийж,

Тэд чамд шураг хийхээр Ливаны

 хуш модыг авав.

Башаны царс модоор тэд чамд

 сэлүүрүүдийг хийж,

Киприйн арлуудын нарс модоор

 хийсэн

Тавцанг чинь тэд зааны соёогоор

 шигтгэсэн.

Дарвуул чинь Египетийн нэхмэл

 маалингаар хийгдэж,

Энэ нь чиний ялгах тэмдэг болов.

Сүүдрэвч чинь Елишагийн

 арлуудаас авчирсан

Хөх, нил ягаан өнгийн бөс даавуу

 байжээ.

Сидон, Арвадын оршин суугчид

Чиний сэлүүрчид байв.

Тир ээ, мэргэн хүмүүс чинь

Онгоцон дотор чиний залуурчид

 байв.

9 Гебалын ахмадууд ба мэргэн

 хүмүүс нь

Чамтай хамт эвдрэлийг чинь

 засаж байв.

Тэнгисийн хамаг онгоц, усан

 цэргүүд нь

Худалдаа наймаанд чинь

 оролцохын тулд

 чамтай хамт байв.

10 Перс, Луд ба Пут нь

Чиний цэрэгт дайчид байв.

Тэд чиний дотор бамбай, дуулгыг

 зүүжээ.

Тэд сүр жавхланг чинь нэмэв.

11 Арвадын хөвгүүд цэрэгтэй чинь

Чиний хэрмэн дээр эргэн

 тойронд,

Гаммадчууд чиний цамхагт байв.

Чиний хэрмэн дээр эргэн

 тойронд

Тэд бамбайнуудаа өлгөв.

Тэд үзэсгэлэнг чинь төгс болгожээ.

12 Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь мөнгө, төмөр, цагаан тугалга, хар тугалгаар худалдан авч байв. 13 Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд барааг чинь солилцож байв. 14 Бет-тогармагаас ирсэн хүмүүс эд барааны чинь үнэнд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн. 15 Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Эрэг хавийн олон газар чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв. 16 Барааны чинь элбэг дэлбэгээс болж Едом чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь маргад, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв. 17 Иуда ба Израиль чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн буудай, боов, зөгийн бал, тос, гавраар худалдан авч байв. 18 Барааны чинь элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс, цагаан ноосноос болж Дамаск чиний худалдан авагч байжээ. 19 Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Барааны чинь дотор ширэм, шанц, амтат чихрийн нишингэ байв. 20 Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв. 21 Араб ба Кедарын хамаг ноён хурга, хуц, ямаануудыг чинь худалдан авагчид байв. 22 Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд барааг чинь бүх төрлийн үнэртний дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу, алтаар төлж байсан. 23 Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Ашур, Хилмад нар чамтай худалдаа хийж байв. 24 Тэд чамтай тансаг дээл, хөх өнгийн хувцас, нэхмэл бөс, эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв. 25 Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.

Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд

 алдаршив.

26 Сэлүүрчид чинь чамайг их усанд

 хүргэж,

Дорнын салхи чамайг далайн

 дунд цохиж эвдэв.

27 Чиний сүйрлийн өдөрт

 чиний баялаг, ачаа, эд бараа,

Далайчид, залуурчид, засварчид,

Барааны худалдаачид чинь,

Дотор чинь буй бүх дайчин,

Дунд чинь буй хамаг чуулгантай

 хамт

Далайн дунд живэх болно.

28 Залуурчдын хашхирах дуунд

Бэлчээр нутгууд доргих болно.

29 Сэлүүрийг баригч бүх далайчин ба

 тэнгисийн залуурчид

Хөлөг онгоцнуудаасаа буух болно.

Тэд газар дээр зогсоно.

30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо

 өндөрсгөн

Гашуунаар уйлах болно.

Тэд өөрсдийнхөө толгойд шороо

 цацан

Үнсэн дотор хөлбөрөх болно.

31 Чиний төлөө тэд халзан

 болцгоож, таар ороон

Чиний төлөө зүрхнээсээ эмгэнэж

Гашуудан уйлах болно.

32 Уйлах дуундаа тэд бас

Гашуудлын дууг чиний төлөө

 гарган

гашуудан дуулах болно.

“Хэн Тиртэй адил, хэн түүнтэй

 адил

Тэнгисийн дунд чимээгүй байна

 вэ?

33 Ачаанууд чинь далайгаас гарахад

Олон ард түмнийг чи цатгажээ.

Баялаг эрдэнэс, эд барааныхаа

 элбэг дэлбэгээр

Газрын хаадыг чи баяжуулав.

34 Одоо чи усны гүнд далайгаар

 сүйтгэгдэхэд

Доторх эд бараа чинь, хамаг

 чуулган чинь унав.

35 Эргийн хамаг оршин суугч

Чамайг хараад хиртхийж байна.

Хаад нь ихэд айж,

Царай нь түгшүүрт автжээ.

36 Ард түмнүүдийн дундах

 худалдаачид

Чам уруу исгэрч, чи айдас

 түгшүүр болж,

Хойшид байхгүй болно»” гэв.