Сеир уулыг шүүх нь

35 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж

Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ чиглүүлж, түүний эсрэг эш үзүүлэн түүнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Сеир уул аа, харагтун,

Би чиний эсрэг байна.

Би чиний эсрэг мутраа сунгаж,

Чамайг эзгүйрүүлж хоосруулна.

Би хотуудыг чинь балгас болгож,

Чи эзгүйрэх болно.

Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн

гэдгийг мэдэх болно.

 5 Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед илдний хүчинд тушаасан учир «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цус урсгалтад тушаан цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно. Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгч болон буцагчдыг түүнээс таслах болно. Би уулсыг нь тэдний үхдэлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, хөндий, бүх жалганд чинь унах болно. Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 10 Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ” гэж хэлсэн учраас 11 «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно. 12 Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болон өгөгдсөн” гэж хэлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно. 13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв. 14 Эзэн БУРХАН ийн айлдахдаа «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно. 15 Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”