Сионд ирэгсэд
35 1 Цөл хийгээд хагсмал газар баярлан
Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ.
2 Цэцэглэнхэн дэлгэрээд,
цэнгэнхэн баясаад,
баяр хөөртэйеэ уухайлна.
Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно.
Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.
3 Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн
Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!
4 Хулчгар зүрхтнүүдэд
“Хүчтэй бай. Бүү ай!
Тэр хараач, Бурхан тань,
Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй.
Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.
5 Тэгэхэд сохрын нүд нээгдэж,
Дүлийгийн чих онгойно.
6 Тэр үед доголон нь буга мэт дүүлж,
Хэлгүй нь баяртайгаар хашхирна.
Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана.
7 Улайдмал шороо цөөрөм,
Ундаассан газар усан булаг болно.
Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад
Өвс ургамал хулс, зэгс ургана.
8 Тэнд нэгэн тэргүүр зам буй болж,
Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ.
Түүгээр бузар нь үл өнгөрнө,
тэр нь Бурханы хүмүүсийнх,
Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.
9 Тэнд арслан байхгүй,
догшин араатан ч гарч ирэхгүй.
Тэнд тэд олдохгүй.
Харин золигдогсод л түүгээр алхана.
10 ЭЗЭНээр золигдогсод эргэж,
Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ.
Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна.
Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
Уй гашуу, санаа алдалт зугтан одно.