Хуурамч эш үзүүлэгчид ба тэдний сүйрэл
2 1 Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна. 2 Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. 3 Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Харин өнө эртнээс тэдэнд товлогдсон шийтгэл зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.
4 Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж,a шийтгэл хүртэл хадгалсан бол, 5 эртний дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин итгэл сүсэггүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол,* 6 хожмын итгэл сүсэггүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол,* 7 ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,* 8 (тэдний дунд амьдрагч тэрхүү зөвт хүн өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байсан) 9 итгэл сүсэгтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдөр хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг. 10 Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг яаж барихаа Тэр мэднэ.
Шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад, 11 сүр хүч болоод хүч чадлаар агуу ч тэнгэрэлч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй. 12 Харин тэд мэддэггүй зүйлээ доромжилдог нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана. 13 Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөсөнд зовдог. Өдрийн цагаар наргиж цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийнхөө заль мэхэнд цэнгэдэг. 14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг өдөөдөг, шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм. 15 Тэд шулуун замыг орхин, зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.* 16 Гэвч Балаам тэрслэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй эдэлгээний адгуус хүний дуугаар ярьж, тэрхүү эш үзүүлэгчийн солиорлыг номхотгосон аж.
17 Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдэнд бэлтгэгджээ. 18 Учир нь тэд хоосон ихэрхүү ярьж, төөрөгдөл дунд явагчдаас арай ядан мултарсан хүмүүсийг махбодынх нь хүсэл тачаалаар өддөг бөгөөд 19 тэдэнд эрх чөлөөг амладаг ч өөрсдөө бол ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ. 20 Хэрэв Эзэн ба Аврагч болох Есүс Христийг мэдсэн мэдлэгээр ертөнцийн бусармагаас мултарсан хүмүүс тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно. 21 Учир нь зөвт байдлын замыг мэдсэн атлаа өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр юм. 22 Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, угаасан гахай шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгээр болсон аж.*
- a2:4 Зарим гар бичмэлд: харанхуй нүхнүүдэд
- 2:5 Эх 6:1—7:24
- 2:6 Эх 19:24
- 2:7 Эх 19:1–16
- 2:15–16 Тоо 22:4–35
- 2:22 Сур 26:11