Тимотод бичсэн Паулын хоёр дахь захидлын ихэнх нь залуу хамтрагч, туслахдаа хандсан хувийн зөвлөгөөнөөс бүрдсэн ба гол сэдэв нь тэсвэр хатуужил юм. Тэрээр тулгарч байгаа зовлон эсэргүүцлийн өмнө Есүс Христийг итгэмжтэйгээр гэрчилсээр байх, зөв сургаалаар сайнмэдээ ба Хуучин гэрээг баримтлах мөн Христийг тунхаглагч, багшийн үүргээ биелүүлэхийг Тимотод зөвлөж урамшуулжээ.
Сонсогчдыг зөвхөн хөнөөдөг, сайн зүйлд эс хүргэх “мунхаг утгагүй зөрчилдөөнд” (2:23) оролцохын аюулыг ихэд анхааруулсан байна.
Захидлыг бичигч эрхэм нь итгэл, тэвчээр, хайр, хатуужил, хавчлага дорх шаналлаа дурдан өөрийн амьдрал, зорилгын жишээг Тимотод сануулжээ.
Мэндчилгээ
1 1 Бурханы хүслээр, Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паулаас 2 миний хайрт хүүхэд болох Тимотод. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.*
Талархал ба урамшуулал
3 Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнх шигээ цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, 4 нулимсыг чинь санахдаа би чамайг харж, баяр баясгалангаар дүүрэхсэн гэж тэмүүлж байна. 5 Чамд буй жинхэнэ итгэлийг би санахдаа энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд одоо чамд байдаг гэж итгэдэг.* 6 Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийг бадраахыг чамд сануулъя. 7 Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. 8 Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. 9 Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм. 10 Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэрээр үхлийг хүчингүй болгож, амь ба мөхөшгүй байдлыг сайнмэдээгээр гэрэлд авчирсан. 11 Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм.* 12 Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснааa тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна. 13 Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор дуурайн сахь. 14 Чамд хариуцуулсан сайн зүйлийг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.
15 Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй. 16 Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. 17 Тэрээр Ромд байхдаа намайг хичээнгүйлэн хайж олсон юм. 18 Тэрхүү өдөр тэрээр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхох болтугай. Ефест тэр хэчнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.
- 1:2 Үйл 16:1
- 1:5 Үйл 16:1
- 1:11 1Тм 2:7
- a1:12 эсвэл би Түүнд даатгасан бүхнийг