Эш үзүүлэгч Зефаниа нь МЭӨ 7-р зууны сүүл үе буюу МЭӨ 621 онд Иосиа хааны хийсэн шашны шинэчлэлээс 10-аад жилийн өмнө номлож байсан хүн юм. Иудаг өөр шүтээнд мөргөх үед ирэх шийтгэл, сүйрлийн өдөр, айсуй мөхлийн тухай танил сэдвүүдийг энэ номд хөндсөн байдаг. ЭЗЭН, бусад үндэстнийг ч мөн шийтгэх бөгөөд хэдийгээр Йерусалим сүйрсэн ч нэгэн цагт тэнд амьдрах зөвт даруу хүмүүс энэ хотыг сэргээнэ гэдгийг мөн илчилжээ.

1 1 Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.*

Иуда дээр буух шүүлт

2 “Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
3 “Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.
Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,
Балгасуудыг гэм бурууттай нь хамт бүрэн арчина.
Би газрын гадаргаас хүнийг тасална” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
4 Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон
Йерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.
Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг
Тахилч нартай хамт энэ газраас таслах болно.
5 Дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөдөг,
Доош мэхийж ЭЗЭНд бас тангарагладаг
Тэгээд бас Милкомоор тангарагладаг,
6 ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан
ЭЗЭНийг хайдаггүй, эрэлхийлдэггүй хүмүүсийг
Би таслах болно.

7 Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,
Тэр Өөрийн зочдоо ариусгасан.
8 Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд
Би хааны хөвгүүд болох жононгуудыг,
Харийн хувцсаар өөрсдийгөө хувцаслагчдыг,
Би шийтгэх болно.
9 Сүмийн босгон дээрa дэвхэцдэг бүх хүнийг,
Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг
Би тэр өдөр шийтгэх болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна.
Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу,
Хоёрдугаар дүүргээс гашуудал,
Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.
11 Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.
Учир нь худалдаачид бүгд чимээгүй болгогдоно.
Бидний мөнгийг жинлэгсэд бүгд таслагдах болно.
12 Тэр цагт Би Йерусалимыг дэнлүүтэй нэгжиж,
Царцанги хүмүүсийг шийтгэх болно.
«ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэж
Тэд зүрхэндээ хэлдэг.
13 Цаашилбал, тэдний баялаг нь олз болж,
Тэдний байшингууд эзгүйрнэ.
Тийм ээ, тэд байшингууд барих боловч
Тэндээ амьдрахгүй,
Усан үзмийн талбай байгуулах боловч
Дарснаасаа уухгүй.

ЭЗЭНий агуу өдөр

14 ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.
Ойрхон бөгөөд маш шуурхай ирж байна.
ЭЗЭНий өдөр, сонс!b
Тэнд дайчин хүн цурхиран уйлна.
15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр,
Шаналан, шахааны өдөр,
Эвдрэл, эзгүйрлийн өдөр,
Түнэр харанхуйн өдөр,
Үүлс, өтгөн харанхуйн өдөр,
16 Бэхлэгдсэн хотуудын эсрэг
Булант өндөр цамхгуудын эсрэг
Бүрээ, дайтах уухай гарах өдөр.

17 Би хүмүүст зовлон авчирна.
Ингэснээр тэд хараагүй хүн шиг алхана.
Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.
Тэдний цус нь шороо мэт,
Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.
18 ЭЗЭНий хилэнгийн өдөр
Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй.
Түүний хардалтын галд
Бүх дэлхий залгиулна.
Дэлхийн бүх оршин суугчид дээр
Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийнэ.


  • 1:1 2Ха 22:1—23:30; 2Шс 34:1—35:27
  • a1:9 эсвэл эзнийхээ гэрийн эсвэл өөрсдийнхөө бурхны дуганы
  • b1:14 эсвэл Сонс! Тэр аймшигт өдөр айсуй.