Израилын өмнөд ба хойд хаант улсын тухай 1Хаад номд өгүүлсэн түүх энэ номд үргэлжилнэ. Номыг 1) МЭӨ 9-р зууны дунд үеэс МЭӨ 722 онд мөхсөн Самарийн уналт буюу Хойд хаант улсын төгсгөл хүртэлх үе; 2) Израилын хаант улсын уналтаас олзлогдол буюу МЭӨ 586 онд Вавилоны хаан Небухаднезар, Йерусалимыг сүйрүүлсэн тухай түүх хэмээн хувааж болно. Вавилончуудын захиргаанд Иудаг удирдаж байсан Гедалиа захирагчийн тухай мөн Иудагийн Иехоиахин хаан Вавилоны шоронгоос суллагдсан тухай мэдээгээр ном төгсдөг.
Үндэстэнд учирсан эдгээр гай зовлон Израил, Иудагийн хаад болоод ард түмний итгэлгүй байдлаас болсон юм. Йерусалимын сүйрэл түүнчлэн Иудагийн ард олон цөлөгдсөн явдал бол Израилын түүхэн дэх томоохон эргэлтийн нэг билээ.
Энэ номд тодрон харагдах эш үзүүлэгч бол Елиагийн залгамжлагч Елиша юм.
Елиа Ахазиаг буруутгав
1 1 Ахабыг өөд болсны дараа Моаб Израилын эсрэг босов. 2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд
—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-Зебубаас асууж мэдэгтүн гэв. 3 Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад
—Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израилд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-Зебубаас асуух гэж байна уу? 4 Тиймээс түүнд «Чи хэвтсэн орноосоо бууж чадахгүй, харин гарцаагүй үхнэ» гэж ЭЗЭН айлдаж байна” хэмээн хэл гэв. Тэгээд Елиа явлаа.
5 Элч нарыг хаан руу буцаж ирэхэд нь тэр тэдэнд
—Яагаад та нар буцаж ирэв? гэв. 6 Тэд түүнд
—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаандаа буцаж оч. «Израилд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-Зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно» гэж ЭЗЭН айлдлаа” гэсэн хэмээцгээв. 7 Хаан тэдэнд
—Та нартай уулзахаар ирж, эдгээр үгийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд 8 тэд хаандаа
—Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүнa гэж хариулцгаав. Хаан
—Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв.* 9 Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа руу илгээжээ. Тэрээр түүн рүү явж очиход, Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд
—Бурханы хүн ээ, “Бууж ирэгтүн!” гэж хаан хэлүүллээ гэв. 10 Елиа өнөөх тавьтын даргад хандан
—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив.* 11 Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа руу дахиж илгээлээ. Тэр Елиад
—Бурханы хүн ээ, “Түргэхэн буугаад ир” гэж хаан айлдаж байна гэв. 12 Елиа тэдэнд
—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж түүнийг болон тавьтыг нь шатаав.
13 Тиймээс хаан дахиад гурав дахь тавьтын даргыг тавьтынх нь хамт илгээлээ. Гурав дахь тавьтын дарга дээшээ өгсөж очоод, Елиагийн өмнө өвдөг сөгдөж, түүнээс гуйн
—Бурханы хүн ээ, миний амь болон таны эдгээр тавин боолын амь насыг таалалдаа багтаагаач. 14 Харагтун, тэнгэрээс гал бууж түрүүчийн хоёр тавьтын даргыг тавьтуудтай нь хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалалдаа багтаагаач гэв. 15 ЭЗЭНий тэнгэрэлч, Елиад
—Түүнтэй хамт буугтун. Түүнээс бүү айгтун гэж хэлэхэд Елиа босоод түүнтэй хамт хаан руу явлаа. 16 Тэгээд тэрээр хаанд
—“Үгийг нь асуун мэдэж болох Бурхан Израилд байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-Зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн юм уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна гэжээ.
Ахазиагийн үхэл
17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа өөд болов. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар онд Иорамb түүний оронд хаан болов. 18 Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилын хаадын шастир номд бичигдсэн бус уу?
- a1:8 эсвэл арьсан хүрэм, суран бүстэй хүн
- 1:8 Мт 3:4; Мк 1:6
- 1:10–12 Лк 9:54
- b1:17 Эх бичвэрт энэ нэр Иорам эсвэл Иэхроам гэж холилдоно. ЭЗО: түүний ах Эх бичвэртээ ийм үг байхгүй.