Улам нэмэгдсээр байсан эсэргүүцэлд тулж, итгэлээ орхих аюулд хүрсэн хэсэг итгэгчдэд зориулан энэ захидал бичигджээ. Тэднийг урамшуулж, Есүс Христ бол үнэн ба Бурханы эцсийн илчлэл юм гэдгийг харуулахдаа бичигч гурван зүйлийг онцолжээ. Үүнд 1) Есүс бол шаналал зовлонг даван туулж Эцэгийнхээ өмнө үнэнхүү дуулгавартай байсан, Бурханы мөнхийн Хүү бөгөөд Хуучин гэрээний эш үзүүлэгчид, тэнгэрэлч нар болоод Мосегоос ч дээд Нэгэн юм; 2) Есүс бол Хуучин гэрээний тахилч нараас давуу, Бурхан Өөрөө хүмүүст таниулсан Мөнхийн Тахилч; 3) Итгэгч хүн Есүсээр дамжин нүгэл, айдас, үхлээс хамгаалагддаг ба Христ бол Тэргүүн тахилч, жинхэнэ авралыг өгөгч бөгөөд амьтнаар тахил өргөх болон еврейн шашин шүтлэгийн бусад ёс заншлаар урьдчилан илэрхийлэгдсэн Нэгэн юм хэмээсэн нь багтана.
Израилын түүхэн дэх алдартай хүмүүсээс заримынх нь итгэлийг жишээлэн дурдаад, итгэлдээ үлдэхийг уншигчдадаа уриалсан бичигч маань 12-р бүлэгт тэдэнд хандан эцсийг хүртэл Есүс дээр хараагаа тогтоон итгэлээр явж, шаналал хавчлага юу ч учирсан даван туулахыг ятгасан байна. Энэ ном зөвлөгөө ба сануулгын үгээр төгсдөг.
Бурхан Хүүгээрээ ярьсан
1 1 Эрт үед Бурхан эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд маань олонтоо янз бүрийн замаар айлдсан бөгөөд 2 эдгээр эцсийн өдрүүдэд Хүүгээрээ дамжуулан бидэнтэй ярьсан юм. Бурхан Түүнийг бүхний өв залгамжлагчаар томилон, Түүгээр дамжуулан ертөнцийг бүтээсэн. 3 Хүү нь Бурханы цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг барьдаг болой. Тэрээр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт заларчээ. 4 Тэрээр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм.
Тэнгэрэлч нараас давуу Хүү
5 Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь ер нь
“Чи бол Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн”
“Би Түүний Эцэг болж,
Тэр Миний Хүү болно”
гэж айлдсан юм бэ?* 6 Түүнчлэн Ууганыг нь дэлхийд авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ.* 7 Тэнгэрэлч нарын тухайд Тэр
“Тэрээр тэнгэрэлч нараа салхи,
Үйлчлэгчдээ галын дөл болгодог”
гэдэг бол,* 8 харин Хүүгийн тухайд
“Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх.
Үнэн зөвийн очирт таяг нь
Таны хаанчлалын очирт таяг мөн.
9 Та зөвт байдлыг хайрладаг
Ёс бусыг үзэн яддаг.
Тиймээс Бурхан, Таны Бурхан,
Нөхдийн тань дээгүүр
Таныг баяр баяслын тосоор тослов”
гэжээ.* 10 Бас
“Эзэн минь, Та эхэнд дэлхийг суурилуулсан,
Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ.*
11 Тэд мөхөх боловч Та үлдэнэ.
Тэд бүгд хувцас адил элэгдэнэ.
12 Та тэднийг бүтээлэг мэт эвхэж
Тэд хувцас мэт солигдоно.
Харин Та хэвээрээ,
Таны он жилүүд төгсөшгүй”
гэдэг. 13 Тэрээр тэнгэрэлч нарын алинд нь ер нь
“Дайснуудыг чинь Би
Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл
Миний баруун талд залрагтун”
гэж айлдсан бэ?* 14 Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?
- 1:5 Дуу 2:7; 2См 7:14; 1Шс 17:13
- 1:6 Дх 32:43 (LXX); Дуу 97:7
- 1:7 Дуу 104:4 (LXX)
- 1:8–9 Дуу 45:6–7
- 1:10–12 Дуу 102:25–27 (LXX)
- 1:13 Дуу 110:1