Библид хамгийн урт хугацааг хамарсан эш үзүүллэг нь багтаж орсон эш үзүүлэгч бол Амос юм. Тэрээр хэдийгээр Иудагаас гаралтай боловч Хойд Израилын хаант улсад хандан эш үзүүлж байсан МЭӨ 8-р зууны дунд үеийн хүн билээ. Энэ үед нь эл үндэстэн амар тайван хөгжин цэцэглэж байсан ч Амос үүнийг харин ядуусыг дарлаж, шударга бус явдал нь гаарч, шашны дэг жаяг нь дүр эсгэсэн агаад улсын аюулгүй байдал нь өнгөцхөн, бүхэлдээ баялагт дулдуйдсан хөгжил цэцэглэл юм гэж үзжээ. Энэ үндэстнийг Бурхан шийтгэнэ гэдгийг тэрээр гал халуун зоригоор сануулан номлож, шударга ёс “урсгал мэт хуйлран бууг” (5:24) хэмээн уриалсан байдаг юм.

1 1 Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилын хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилын талаар тэрээр эдгээрийг үзжээ.*

Израилын хөршүүдийн амсах шүүлт

2 “ЭЗЭН, Сионоос хүрхрэв.
Йерусалимаас дуугаа хадаав.
Хоньчдын бэлчээр хатжээ
Кармелын орой ангажээ” гэсэн.*

3 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Дамаскийн гурав дөрвөнa гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Төмөр савраар тариа цохихын адил
Гилеадыг тэд цохисон тул*
4 Хазаелын гэр дээр Би гал илгээнэ,
Бен-Хададын цайзуудыг энэ нь залгих болно.
5 Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж,
Авены хөндийгөөс оршин суугчдыг,
Бет-Еденээс очирт таяг баригчийг
Би таслах болно.
Ийнхүү Арамын ард түмэн
Кир лүү цөлөгдөнө” гэж
ЭЗЭН айлдаж байна.

6 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Олзлогдогсдыг Едомд тушаахаар
Тэд бүгдийг нь хөөсөн тул*
7 Газын хэрмэнд Би гал илгээнэ,
Цайзуудыг нь тэр гал залгих болно.
8 Ашдодоос оршин суугчдыг,
Ашкелоноос очирт таяг баригчийг
Би таслах болно.
Би Екроны эсрэг мутраа эргүүлж,
Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж
Эзэн БУРХАН айлдаж байна.

9 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,
Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул*
10 Тирийн хэрмэнд Би гал илгээнэ.
Цайзуудыг нь тэр гал залгих болно.”

11 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж,
Ах дүүгээb илдтэй мөрдсөн.
Уураа үргэлж хадгалсаар
Хилэнгээ тэр үргэлж байлгасан.*
12 Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.
Бозрагийн цайзуудыг тэр гал залгих болно.”

13 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би өөрчлөхгүй.
Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд
Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.*
14 Иймд Раббагийн хэрмэнд
Би гал тавина.
Тулааны өдөр дайны уухайн дунд,
Хуй салхитай өдөр шуурган дунд
Цайзуудыг нь тэр гал залгих болно,
15 Тэдний хаан цөлөгдөнө.
Жононгууд нь ч бас хамт явна” гэж
ЭЗЭН айлдаж байна.


  • 1:1 2Ха 15:1–7; 2Шс 26:1–23; 2Ха 14:23–29
  • 1:2 Иое 3:16
  • a1:3 Энэ нь “өчнөөн төчнөөн” гэх утгатай өвөрмөц хэлц юм.
  • 1:3–5 Иса 17:1–3; Иер 49:23–27; Зех 9:1
  • 1:6–8 Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7
  • 1:9–10 Иса 23:1–18; Езк 26:1—28:19; Иое 3:4–8; Зех 9:1–4; Мт 11:21–22; Лк 10:13–14
  • b1:11 ах дүүгээ: Израилын өвөг Иаков нь Едомын өвөг Есавын дүү юм.
  • 1:11–12 Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Оба 1–14; Мал 1:2–5
  • 1:13–15 Иер 49:1–6; Езк 21:28–32, 25:1–7; Зеф 2:8–11