Коринт дахь чуулган ба Паулын харилцаа ярвигтай байх үед энэхүү захидал бичигджээ. Чуулганы зарим гишүүд Паулын эсрэг илт хүчтэй дайрч байсан ч тэрээр эвлэрлийн төлөөх чин хүслээ харуулаад зогсохгүй эвлэрэлд хүрсэнд туйлын ихээр баярлаж байгаагаа энэ захианд илэрхийлсэн байдаг.
Коринт дахь чуулганыхантай харилцах харилцаагаа Паул эхэн хэсэгт дурдаад, тэнд гарсан ичгүүрт хэрэг болон эсэргүүцэлд яагаад ноцтой хандсанаа тайлбарлаж, энэ хандлага нь гэмшил ба эвлэрлийг авчирсанд баярлаж буйгаа бичжээ. Улмаар Иудей дэх гачигдсан итгэгчдэд туслах өгөөмөр сэтгэлийн өргөлийн тухай тэрээр энэ чуулганыханд хандсан байна. Захидлын сүүлчийн бүлгүүдэд, өөрсдийгөө жинхэнэ элч нар хэмээн тунхаглаж, Паулыг хуурамч гэж буруутгадаг, Коринт дахь хэсэг бусаг хүмүүсийн эсрэг, бичигч эрхэм элчийн эрхээ хамгаалсан байдаг.

Мэндчилгээ

1 1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь* Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст. 2 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай.

Зовлонгийн дараах Паулын талархал

3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. 4 Биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид нар аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Бурхан биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. 5 Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг. 6 Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө, бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Бидний эдэлдэгтэй адилхан зовлонг та нар тэсвэрлэх үедээ энэхүү тайвшралыг амсдаг. 7 Тиймээс та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг шигээ тайвшралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ.
8 Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг болон хүч чадлаас маань хэтэрсэн хүнд дарамтад бид орж, амьд үлдэх горьдлого тасарч байсан гэдгийг та нар мэдээсэй гэж бид хүсэж байна.* 9 Гэхдээ бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулах Бурханд найдахын тулд үхлийн ял дор байсан. 10 Тэр биднийг аймшигт үхлийн аюулаасa аварсан бөгөөд аврах ч болно. Тэр биднийг дахиж аварна хэмээн бид Түүнд найддаг. 11 Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тиймээс хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж олон хүн бидний өмнөөс талархал өргөх болно.

Паулын айлчлал хойшилсон нь

12 Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанарb хийгээд чин сэтгэлээр, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм. 13 Та нарын уншиж, ойлгодгоос өөр юмыг бид та нарт бичдэггүй бөгөөд та нарыг бүрэн дүүрэн ойлгоно хэмээн би найдсан. 14 Учир нь та нар биднийг зарим талаар ойлгосон билээ. Ингэснээр [бидний] Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно.
15 Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм. 16 Би танайхаар дайрч Македонд очиж, Македоноос дахин та нар луу ирээд, Иудей руу та нараар үдүүлэх гэсэн юм.* 17 Гэхдээ би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, нэг дор “За, за” гэснээ “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? 18 Та нарт хандсан бидний үг “За ба үгүй” байгаагүй. Харин Бурханы итгэмжит чанар шиг байсан. 19 Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй юм. Харин Түүний дотор “За” байдаг.* 20 Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын төлөө Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. 21 Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мөн. 22 Тэр биднийг тамгалсан бөгөөд зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
23 Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг. 24 Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.


  • 1:1 Үйл 18:1
  • 1:8 1Ко 15:32
  • a1:10 Зарим гар бичмэлд: аймшигт үхлээс
  • b1:12 Зарим гар бичмэлд: илэн далангүй зан
  • 1:16 Үйл 19:21
  • 1:19 Үйл 18:5