Есүсийн тухай сайнмэдээ еврей бус хүмүүст түгж, тэд хүлээн авах үеэр, жинхэнэ итгэгч байхын тулд Мосегийн хуулийг дагах албатай юу гэсэн асуудал гарч иржээ. Паул үүнийг шаардлагагүй гэж үзэн, христитгэлт амьдралын цорын ганц суурь нь итгэл агаад үүгээр бүгд Бурханы өмнө зөвтгөгдөнө гэж байв. Гэвч Бага Ази дахь Ромын харьяат дүүрэг болох Галатын чуулганд Мосегийн хуулийг сахиснаар Бурханы өмнө зөвтгөгдөнө хэмээдэг эсэргүүцэгчид гарч иржээ.
Буруу сургаалаар төөрөгсдийг үнэн рүү эргүүлэн дагуулахын тулд Паул энэ захидлыг Галат хотынхонд бичсэн бөгөөд тэрээр Есүс Христийн элч хэмээн дуудуулах эрхээ хамгаалж буйгаар захидал эхэлдэг. Паул, еврей бус хүмүүст хүрэх дуудлагаа хүний эрх мэдлээс бус Бурханаас авсан гээд, хүн зөвхөн итгэлээр Бурханы өмнө зөвтгөгдөнө гэсэн юм. Христитгэлийн дүнд хайраас урган гарч ирдэг христэч зан чанарыг Паул сүүлийн бүлгүүдэд дүгнэжээ.

Мэндчилгээ

1 1 Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр мөн Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул надаас 2 болон надтай хамт буй ах дүүс бүгдээс Галатын чуулгануудад. 3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. 4 Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн улмаас Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. 5 Алдар нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен.

Өөр сайнмэдээ гэж үгүй

6 [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс холдож, өөр сайнмэдээ рүү ийм түргэн эргэсэнд чинь би гайхлаа. 7 Үнэндээ өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. 8 Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал хараагдаг. 9 Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.
10 Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрэх үү? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах гэж хичээх юм уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол Христийн зарц биш байх байсан.

Паулыг Бурхан дуудсан нь

11 Ах дүү нар аа, миний тунхагласан сайнмэдээ нь хүнийх биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. 12 Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ.
13 Учир нь иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон Бурханы чуулганыг хэрхэн хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.* 14 Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү улайран зүтгэж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудейн шүтлэгт илүүтэй товойж байсан юм. 15 Харин эхийн хэвлийд байхаас минь намайг сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр* 16 харийнхны дунд Хүүгээ тунхаглуулахаар миний дотор Түүнийг илчилсэн юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй, 17 Йерусалим руу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс рүү ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн.
18 Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Йерусалим руу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. 19 Гэвч Эзэний дүү Иаковаасa бусад элч нарыг би хараагүй. 20 (Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы өмнө би худал эс хэлэв.) 21 Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан. 22 Тиймээс Христ доторх Иудейн чуулгануудад би зүсээрээ танигдаагүй л байлаа. 23 Тэд “Биднийг хавчиж байсан хүн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ өөрөө тунхаглаж байна” гэдгийг л зөвхөн сонссоор байсан. 24 Тэд надаас болоод Бурханыг алдаршуулж байсан юм.


  • 1:13,14 Үйл 8:3, 22:3–5, 26:9–11
  • 1:15,16,18 Үйл 9:3–9,26–30, 22:6–10, 26:13–18
  • a1:19 эсвэл харсан ганц нь зөвхөн Иаков байсан.