Иаковын захидал нь харь газар тархсан, Бурханы хүмүүст хандсан, амьдралд хэрэгжүүлэх зааварчилгааны цомог юм. Христэч хандлага ба зан аягт чиглэсэн эгэл ухаан, удирдамж бүхий энэхүү заавартаа ярианы тодорхой хэд хэдэн хэлбэрийг бичигч маань ашиглажээ. Тэрээр баян ба ядуу, уруу татлага, сайхан зан чанар, мухар сүсэг, итгэл ба үйлс, үг хэлээ захирах, мэргэн ухаан, хэрүүл тэмцэл, бардамнал ба даруу зан, бусдыг шүүх, онгирон сагсуурах, тэвчээртэй байх болон залбирал гэхчлэн өргөн сэдвийг хөндөж, энэ бүхэнд христэч ёсны үүднээс хэрхэн хандах талаар бичсэн байна.
Захидалд мөн Христитгэлт амьдралдаа үйлс бүхий итгэлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон байдаг.
Мэндчилгээ
1 1 Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков* би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.
Итгэл ба мэргэн ухаан
2 Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. 3 Итгэлийн чинь шалгуур тэвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. 4 Тэвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс, бүрэн бүтэн, юугаар ч дутахгүй байна. 5 Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. 6 Гэхдээ тэрээр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давлагаалах тэнгисийн долгио мэт ажээ. 7 Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. 8 Хоёрдмол санаатай хүн бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
Баячууд ба ядуурал
9 Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, 10 баян хүн дорд болгогдсондоо сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө.* 11 Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
Сорилт ба уруу татлага
12 Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь шалгуурыг давсан хүн л Эзэнийг хайрлагсдад Түүний амласан амийн титмийг хүлээн авна. 13 Уруу татагдах үедээ хэн ч “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагдах ч үгүй, бас Тэр хэнийг ч уруу татахгүй. 14 Харин хүсэл тачаалдаа автаж, өдөөгдөх үедээ хүн бүр уруу татагддаг юм. 15 Тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг, нүгэл нь боловсроод үхлийг гаргадаг аж.
16 Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгд. 17 Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. 18 Тэрээр хүслээрээ, үнэний үгээр биднийг төрүүлсэн. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
Сонсох ба үйлдэх
19 Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд алгуур байг. 20 Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. 21 Тиймээс та нар бүх бузар булай явдал, хорон санааныхаа бүх үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сүнсийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун.
22 Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болцгоо. 23 Учир нь үгийг сонссон атлаа эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа боловч, 24 өөрийгөө харчхаад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. 25 Тиймээс мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг хүн нь үйлсдээ ерөөгдөх болно.
26 Хэн нэг нь өөрийгөө итгэл сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. 27 Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөр бохирдуулалгүй хамгаалах явдал мөн.
- 1:1 Мт 13:55; Мк 6:3; Үйл 15:13; Гал 1:19
- 1:10–11 Иса 40:6–7 (LXX)