Энэ захидалд юуны өмнө “тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христэд нэгтгэх Бурханы зорилго”-ын тухай өгүүлдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг Есүс Христтэй нэгтгэх энэхүү агуу төлөвлөгөөг амьдралынхаа утга учир болгохыг Бурханы хүмүүст мөн уриалжээ.
Бурхан эцэг хүмүүсээ сонгосон, хамаг нүглийг нь уучилсан, Есүс Христээр нүглээс чөлөөлсөн болон Бурханы агуу амлалт Ариун Сүнсээр хэрхэн батлагдсаныг өгүүлэх замаар номын эхэн хэсэгт нэгдлийн тухай сэдвийг Паул өрнүүлжээ. Удаах хэсэгт Христ дотор нэг болох хамтын амьдралын бодит хэв маягийг уншигчдадаа уриалсан байна.
Ингэхдээ Бурханы хүмүүс Христтэй нэгдэх нэгдлийг ярианы хэд хэдэн хэлбэр ашиглан харуулахдаа чуулган бол бие, Христ үүний тэргүүн, чуулган бол барилга, Христ тулгуур чулуу нь, эсвэл чуулган бол эхнэр, Христ нөхөр нь гэх мэтээр зүйрлүүлжээ. Христ доторх Бурханы нигүүлслийн тухай эргэцүүллээ Паул энэ захидалд сэтгэлийн өндөр хөдлөлөөр илэрхийлэн бүх зүйлийг Христийн хайрын гэрэл, золиос, уучлал, нигүүлсэл ба ариун байдалд тусгасан байна.

Мэндчилгээ

1 1 Бурханы хүслээр Христ Есүсийн* элч болсон Паулаас [Ефест байгаа] ариун хүмүүст болон Христ Есүс доторх итгэмжит хүмүүст. 2 Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.

Христ дэх сүнслэг ерөөлүүд

3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөжээ. 4 Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахаар Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Хайраар, 5 хүслийнхээ сайн тааллын дагуу, Тэрээрa биднийг Есүс Христээр дамжуулан үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. 6 Энэ нь хайрлагдсан Түүгээрээ дамжуулан бидэнд ивээж өгсөн нигүүлслийн алдраа магтуулахын тулд болой. 7 Түүний нигүүлслийн баялгаар Түүн дотор, цусаар нь бидэнд золилт, гэм нүглийн маань уучлал бий.* 8 Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлслээ бялхаажээ. 9 Түүний дотор тавьсан сайн зорилгынхоо дагуу Тэрээр хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. 10 Энэ нь цаг дүүрэхэд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. 11 Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсон ёсоор бид Түүний дотор өвлөгч болсон. 12 Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөөb байх юм. 13 Түүн дотор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэснээр та нар амлагдсан Ариун Сүнсээр тамгалагдсан. 14 Тэрc нь Бурханы эзэмшлийн ард түмний золилт хүртэл бидний өвийн батлан даагч болдог нь Түүний алдрыг магтахын тулд юм.

Паулын залбирал

15 Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чинь тухай би сонссон тул, энэ шалтгааны улмаас 16 залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй. 17 Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлэн 18 зүрхний чинь мэлмийг гийгүүлэг! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг 19 бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг, хүч чадлынх нь агуу үйлсийн дагуу мэдэх болтугай. 20 Тэрээр Христ дотор энэ л хүчийг ажиллуулж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж,* 21 бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. 22 Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. 23 Чуулган нь Түүний бие бөгөөд бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал болой.


  • 1:1 Үйл 18:19–21, 19:1
  • a1:5 Бурхан
  • 1:7 Кол 1:14
  • b1:12 эсвэл алдрын магтаал болох юм.
  • c1:14 буюу Ариун Сүнс
  • 1:20–23 Дуу 8:6, 110:1; Кол 1:18