Хосеа нь МЭӨ 721 онд болсон Самарийн уналтын өмнөх самуун цаг үед эш үзүүлэгч Амосын дараа гарч ирсэн, Хойд Израилын хаант улсын эш үзүүлэгч билээ. Тэрээр ард түмнийхээ харь шүтээн шүтэж, ЭЗЭН Бурханд итгэлгүй амьдарч буйд туйлаас зовниж байв. Энэ итгэлгүй байдлыг дүрслэн харуулах зорилгоор Хосеа ёсгүй эмтэй зоригтойгоор дэр нэгтгэжээ. Эхнэр Гомер нь түүнд үнэнч байгаагүй шиг энэ ард түмэн бас Бурханаас холдсон тул Израил дээр шүүлт ирэх боловч Бурханы мөнхийн хайр ард түмнээ эргүүлэн авч, бүх харилцаагаа дахин сэргээнэ гэдгийг ч мөн Хосеа дүрсэлсэн байна. Бурханы энэрэл хайрыг бид 11:8-р эшлэлд хэлсэн ЭЗЭНий үгээс харж болох юм.

1 1 Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилын хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.*

Хосеагийн гэр бүл

2 ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ
—Яв, завхай эхнэр авч, завхайрлаас хүүхдүүдтэй бол.a Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв. 3 Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ. 4 ЭЗЭН, Хосеад
—Түүнийг Иезреелb хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилын гэрийн хаанчлалыг төгсгөх болно.* 5 Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилын нумыг хугална гэжээ.
6 Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад
—Тэр охиныг Ло-Рүхамаc хэмээн нэрлэ. Учир нь Би Израилын гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа. 7 Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг ЭЗЭН Бурханаар нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.
8 Ло-Рүхамаг хөхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ. 9 ЭЗЭН айлдсан нь
—Түүнийг Ло-Аммиd хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.

Израилын сэргэлт

10 Гэсэн ч Израилын хөвгүүдийн тоо
Далайн элс мэт хэмжишгүй агаад
Тоолшгүй байх болно.
“Та нар Миний ард түмэн биш” гэж
Тэдэнд айлдсан газарт тэд
“Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.*
11 Иудагийн хөвгүүд, Израилын хөвгүүд цугларч,
Өөрсдөдөө нэгэн тэргүүн хамтдаа томилно
Тэд тэр газарт дэвжинэ.
Учир нь Иезреелийнe өдөр агуу байх болно.


  • 1:1 2Ха 14:23—15:7, 15:32—16:20, 18:1—20:21; 2Шс 26:1—27:8, 28:1—32:33
  • a1:2 эсвэл янхантай гэрлэж түүн шиг хүүхдүүдтэй бол.
  • b1:4 Иезреел: Энэ хотод Иехү гэгч нь Израилын хааныг мөн бүх бүлийнхнийг нь хүйс тэмтэрч, хаан болж байжээ. 2Ха 9—10-р бүлэг.
  • 1:4 2Ха 10:11
  • c1:6 Ло-Рүхама: “Өршөөлгүй” гэсэн утгатай.
  • d1:9 Ло-Амми: “Миний ард түмэн биш” гэсэн утгатай.
  • 1:10 Ром 9:26
  • e1:11 Иезреел: евр. “Бурхан тариалсан” гэсэн утгатай ба өсөлт хөгжлийг илэрхийлнэ.