Сургаалт үгс ном бол хэлц үг, зүйр үгийн хэлбэрээр бичигдсэн ёс суртахууны болон итгэл бишрэлийн сургаалын цоморлог юм. Ихэнх сургаал нь өдөр тутмын амьдралын үйл хэрэгт хандсан эл ном “ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм” (1:7) гэсэн сануулгаар эхэлж улмаар итгэл бишрэл, ёс суртахуун, эрүүл саруул ухаан, сайн зан чанарын талаар сургамжилж байна. Ухаалаг хүн аливаа нөхцөлд хэрхэн хандаж болох талаар сургасан эртний Израилын холч ухаант багш нарын эдгээр богинохон сургаалт үгс гэр бүл, ажил хэрэг, нийгмийн ёс зүй болон хувь хүний өөрийгөө хянан захирах талаар хүүрнэдэг юм. Сургаалт үгсийн ихэнх нь даруу зан, тэвчээр, ядуусыг өрөвдөх, нөхдөдөө үнэнч байх тухай өгүүлдэг билээ.

1 1 Израилын хаан, Давидын хүү Соломоны сургаалт үгс оршвой.

2 Мэргэн ухаан ба заавар сургамжийг мэдэж,
Ухаарлын үгсийн учрыг ойлгон,
3 Зөвт байдал, журамт явдал, шударга ёсыг таньж
Заавар сургамжийг авахад зориулав.
4 Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг,
Залуу хүнд мэдлэг, хянамгай чанарыг өгнө.
5 Мэргэн нь сонсож мэдлэгээ тэлэг
Ухаалаг нь мэргэн удирдамжийг олж аваг!
6 Зүйр мэргэн үгс хийгээд ёгт зүйрлэл,
Мэргэдийн үгс хийгээд тааврыг ойлгог!
7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл
Мунхгууд л ухаан, сургамжийг үл тоомсорлодог.*

Муу нөхрөөс сэрэмжлүүлэхүй

8 Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь
Эхийнхээ зааврыг бүү эсэргүүц.
9 Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ,
Хүзүүнд чинь чимэг зүүлт болно.
10 Хүү минь, нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд,
11 Хэрэв тэд: “Хамт явъя, хэн нэгнийг отож, цус урсгая.
Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё.
12 Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг залгия,
Бүхлээр нь тэднийг нүх рүү одогсод мэт болгоё!
13 Олон төрлийн үнэт эрдэнэс олно.
Олз юугаар орон гэрээ дүүргэнэ.
14 Нийлж шавга хаяцгаая!
Нэг богцтой болцгооё!a” гэвэл
15 Хүү минь, чи тэдний замаар бүү яв,
Хөлөө жимээс нь даруй хол тавь.
16 Учир нь тэдний хөл ёрын муу руу харайж
Урсгах цусандаа тэдний гар яардаг юм.
17 Шувуунд хүртэл харж байхад нь
Урхи тор тавих нь дэмий хэрэг атал
18 Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм!
Амь юугаа тэд алдах гэж отох юм!
19 Олзонд шунагчийн зам ийм байдаг агаадb
Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэнэ.

Мэргэн ухааны дуудлага

20 Мэргэн ухаан гудамжинд дуугаа хадааж,
Олон хөлийн газар дуугаа* өргөнө.
21 Шуугиант газар чангаар дуудна.
Хотын гулдан хаалган дээр тэр ийн өгүүлнэ.
22 “Гэнэн хүмүүс ээ, та нар хэдий болтол
Мунхаглалаа хайрласаар байх юм бэ?
Басамжлагчид хэдий болтол басамжлах вэ?
Мунхгууд хэдий болтол мэдлэгийг үзэн ядах вэ?
23 Зэмлэлийг минь анхааран хүлээж авбал
Үзтүгэй, би та нар дээр сүнсээ бялхуулъя,
Үгээ би та нарт мэдүүлье!
24 Дуудахад минь та нар үл хэрэгсжээ
Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарчээ.
25 Бүх зөвлөгөөг минь та нар үл ойшоожээ
Зэмлэлийг минь ч та нар эс хүсжээ.
26 Тиймээс би гай гамшиг дээр чинь инээнэ
Айдас хүйдэст автах цагт чинь элэглэнэ
27 Гамшиг та нар дээр шуурга мэт ирэхэд
Гай зовлон та нарыг хуй мэт нөмрөхөд
Шаналал бэрхшээл дээр чинь буухад
Би инээнэ.
28 Тэгэхэд тэд намайг дуудна,
Би эс хариулна.
Тэд намайг хичээнгүйлэн хайна,
Би эс олдоно.
29 Учир нь тэд мэдлэгийг үзэн ядсан
ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон.
30 Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй
Зэмлэл бүрийг минь тэд огт хайхраагүй.
31 Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж,
Заль мэхэндээ өөрсдөө хахах л болж.
32 Гуйвамхай зан нь гэнэн хүнийг хөнөөдөг
Алмай зан нь тэнэг хүнийг мөхөөдөг.
33 Харин намайг сонсогч нь аюулгүй байна
Хорон муугаас айлгүйгээр амар тайван аж төрнө” гэв.


  • 1:7 Иов 28:28; Дуу 111:10; Сур 9:10
  • a1:14 эсвэл бид бүгд хувиа хүртэнэ
  • b1:19 ЭЗО: ямар ч үед
  • 1:20–21 Сур 8:1–3