Гэтлэл гэсэн үг грекээрээ “одох”, “гарах”, “аялах”, “талийх”, “салах”, “төгсөх” гэх мэт утгатай бөгөөд израилчууд Египетийн боолчлол, Улаан тэнгис, Син, Синаи, Шур, Паран бусад цөлийг гэтлэн гарсан тухай Израилын түүхэн чухал үйл явдалтай холбоотой юм. Уг ном 1) Еврейчүүд боолчлолоос салсан нь; 2) Синаи уул тийш аялсан нь; 3) Синаи уулнаа ард түмэнтэйгээ хийсэн Бурханы гэрээ буюу ёс суртахуун, иргэний ба шашны хууль; 4) Мөргөлийн асар, эд хэрэглэл нь урлагдаж, мөргөл өргөх болон тахилч нарын талаар хууль өгөгдсөн нь гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.
Номын гол өгүүлэмж нь ард түмнээ боолчлолоос чөлөөлж, ирээдүйдээ итгэх найдвар өвөрлөсөн улс үндэстэн болгохын төлөө Бурхан юу хийснийг дүрсэлдэг. Харин хүний талаас гарч буй гол дүр нь ард түмнээ Египетээс дагуулан гарахаар Бурханаар сонгогдсон Мосе юм. Номоос олноо хамгийн их танигдсан хэсэг бол арван тушаал билээ. (20:1–17)

1 1 Гэрийнхнээ дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилын хөвгүүдийн нэрс нь* 2 Реубен, Симеон, Леви, Иуда, 3 Иссахар, Зебулун, Бениамин, 4 Дан, Нафтали, Гад, Ашер нар юм. 5 Иаковын үр удам бүгд даланa хүн бөгөөд харин Иосеф Египетэд байлаа. 6 Иосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов. 7 Гэвч Израилын хөвгүүд өсөж үржин, өнөр олуул болж, улам хүчтэй болсоор тэр газрыг дүүргэв.*

Дарлагдсан израилчууд

8 Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ.* 9 Тэрээр ард түмэндээ
—Үзэгтүн! Израилын хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. 10 Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая.* Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас явах болно гэв. 11 Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа. 12 Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилын хөвгүүдээс болж айдаст автав. 13 Египетчүүд Израилын хөвгүүдийг ажилд албадан шахав. 14 Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов. 15 Дараа нь Египетийн хаан нэгийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей эх баригч нарт
16 Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржих үед нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв. 17 Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв. 18 Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд
—Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. 19 Эх баригчид Фараонд
—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм гэж хариулав. 20 Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов. 21 Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ. 22 Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ
—Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.*


  • 1:1–4 Эх 46:8–27
  • a1:5 ЭЗО: 75. Үйл 7:14 үз.
  • 1:7 Үйл 7:17
  • 1:8 Үйл 7:18
  • 1:10 Үйл 7:19
  • 1:22 Үйл 7:19