1 Шастир номын төгсгөл үйл явдал буюу Соломон хаанчилснаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүхээр энэ ном эхэлдэг. Улмаар Соломон хааны хүү, залгамжлагч Рехобоамын эсрэг Иеробоамаар толгойлуулсан бослогыг хойд овгууд өдүүлсэн үйл явдлаас хойш МЭӨ 586 онд Йерусалим хот сүйрсэн хүртэлх түүхийг өгүүлдэг юм.

Соломон мэргэн ухаан гуйв
(1Ха 3:1–15)

1 1 Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд ЭЗЭН Бурхан нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө. 2 Соломон, Израил даяар, мянгат, зуутын дарга нар, шүүгчид болон бүх Израилын удирдагчид, эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг буулгав. 3 Ингээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь мөргөлийн гол өндөрлөг рүү явсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосегийн цөлд босгосон, Бурханы уулзалтын майхан тэнд байжээ. 4 Гэвч Давид гэрээний авдарт зориулан Йерусалимд майхан бариад, Бурханы авдрыг Кириат-Иеаримаас тийш нь зөөсөн билээ.* 5 Харин Хурын ач, Уригийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.* 6 Соломон тэнд уулзалтын майхны урд байсан хүрэл тахилын ширээ рүү өгсөж ЭЗЭНий өмнө очоод, мянган шатаалт тахил өргөв. 7 Бурхан тэр шөнө Соломонд үзэгдэж
—Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж айлдав. 8 Бурханд хандан Соломон
—Та эцэг Давидад минь агуу их хайр энэрлийг үзүүлж, намайг түүний оронд хаан болголоо. 9 Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдэг. Учир нь Та намайг газрын тоос шороо мэт үй олон ард түмний хаанаар томиллоо.* 10 Энэ ард түмний өмнө би орж гарч явах мэргэн ухаан, мэдлэгийг надад өгөөч. Учир нь Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.
11 Бурхан түүнд
—Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэргэн ухаан, мэдлэгийг гуйн зүрхэндээ ийн санасан учир 12 мэргэн ухаан, мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа. 13 Ингээд Соломон, Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, уулзалтын майхны өмнөөс хөдлөн Йерусалимд ирж, Израилыг хаанчиллаа.

Соломон хааны цэргийн ба худалдааны үйл хэрэг
(1Ха 10:26–29)

14 Соломон тэрэгт цэрэг ба морьдыг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морьд байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Йерусалимд байрлуулсан байв.* 15 Соломон хаан Йерусалим дахь алт, мөнгийг чулуу шиг элбэг мөн хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ. 16 Соломон морьдоо Египет,a Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээсb өндөр үнээр худалдан авдаг байв.* 17 Тэд Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирээд хитчүүдийн бүх хаан ба Арамын хаадад цааш зардаг байв.c


  • 1:4 2См 6:1–17; 1Шс 13:5–14, 15:25—16:1
  • 1:5 Гэт 38:1–7
  • 1:9 Эх 13:16, 28:14
  • 1:14 1Ха 4:26
  • a1:16 эсвэл Мисир
  • b1:16 эсвэл Мисир ба Килик Соломоны үед морь үржүүлгийн төв газар болсон Туркийн зүүн өмнөд хэсэг байсан эртний хоёр улс.
  • 1:16 Дх 17:16
  • c1:17 Эх бичвэрийн 16–17-р эшлэл тодорхой бус.