Эш үзүүлэгч Иеремиа МЭӨ 7-р зууны сүүлч, 6-р зууны эхээр амьдарч байжээ. Шүтээн шүтлэг, нүгэл хилэнцийн улмаас энэ үндэстэн дээр Бурханы илгээсэн сүйрэл айсуй гэдгийг тэрээр үйлчлэлийнхээ он жилүүдийн туршид анхааруулж амьдарсан хүн юм. Түүний эш үзүүллэг биелж, Вавилоны Небухаднезар хаан Йерусалимыг сүйрүүлэн ЭЗЭНий өргөөг нурааж, Иудагийн хааныг олон ард иргэдийнх нь хамт олзлон одохыг тэрээр нүдээр үзсэн байна. Гэсэн ч энэ хүмүүсийн зарим нь буцан ирж, үндэстэн сэргэх тухай ч мөн тэр зөгнөн хэлсэн байдаг.
Иеремиа номыг 1) Иеремиагийн дуудлага; 2) Иосиа, Иехоиаким, Иехоиахин болон Зедекиа хаадын хаанчлалын үеийн удирдагчид ба Иудад хандсан Бурханы мэдээ; 3) Иеремиагийн амьдралын чухал үйл явдлууд болон бусад эш үзүүлэгчдийн тухай бичиж үлдээсэн, түүний туслах Барухын дурдатгалаас ирсэн мэдээ; 4) Зарим үндэстний талаарх ЭЗЭНий үг; 5) Йерусалимын уналт ба Вавилоны олзлолын тухай мэдээлсэн түүхийн хавсралт мэдээ гэсэн хэсгүүдэд хуваан үзэж болно.
Айсуй шүүлтийн талаар тунхагладаг учраас түүнд зэвүүрхэж, үзэн яддаг тэр л ард түмнээ эш үзүүлэгч маань ихэд хайрладаг байсан ч өөрөө их эмзэг хүн байжээ. Бурханаас түүнийг эш үзүүлэгчээр дуудсаны учир зарим хэргийн төлөө ихэд шаналан зовж сэтгэлийн гүн хөдлөлөөр ярьж байгаа хэсгүүд энэ номд олон бий. Бурханы үг түүний цээжинд гал мэт асаж байсан тул тэрээр саатуулж барьдаггүй байсан юм.
Иеремиагийн бэрхшээл зовлонт үеийг өгүүлэхийн зэрэгцээ Бурханы хүмүүсийн цээжинд Бурханы үг бичигдсэн байх тул тэд сануулан сургах багшгүйгээр Бурханы шинэ гэрээг сахих цаг үеийн тухай мөн өгүүлдэг нь эл номын гайхамшигт санаа билээ.

1 1 Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.
2 Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу түүний хаанчлалын арван гуравдугаар онд ЭЗЭНий үгс Иеремиад иржээ.* 3 Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Йерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сар хүртэл түүнд энэ үгс ирсэн юм.*

Иеремиагийн дуудлага ба үүрэг

4 ЭЗЭНий үг надад ирлээ.
5 “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээс өмнө
Би чамайг мэдэж байсан.
Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,
Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон”
гэж хэлэхэд 6 би
“Аяа, Эзэн БУРХАН!
Харагтун, би бага залуу тул
Хэрхэн ярихыг мэдэхгүй” гэв.
7 Харин ЭЗЭН, надад
“Би бага залуу гэж бүү хэл.
Чамайг илгээх газар бүрд минь чи яв.
Чамд тушаах бүхнийг минь чи ярь.
8 Тэднээс бүү ай.
Би чамтай хамт байж,
Би чамайг чөлөөлнө” гэж
ЭЗЭН тунхаглаж байна гэв.
9 Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргэв. ЭЗЭН надад
“Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.
10 Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр
Энэ өдөр Би чамайг тавьсан нь
Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх,
Барьж босгох бас ургуулахын тулд билээ” гэв.

11 ЭЗЭНий үг надад ирлээ.
—Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би
—Гүйлс модон таяг харж байна гэв. 12 Тэгтэл ЭЗЭН надад
—Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв. 13 ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж
—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би
—Буцалж буй тогоо хойд зүгээс над руу хэлтийсэн харагдана гэв. 14 Тэгтэл ЭЗЭН, надад
—Газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ. 15 Учир нь, харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургийг дуудсан. ЭЗЭН тунхаглаж байна. Тэд ирж, Йерусалимын гулдан хаалгануудын үүдэнд, хэрмийнх нь харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно. 16 Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно. 17 Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно. 18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна. 19 Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


  • 1:2 2Ха 22:3—23:27; 2Шс 34:8—35:19
  • 1:3 2Ха 23:36—24:7, 24:18—25:21; 2Шс 36:5–8, 11:21