Йерусалим дахь, ЭЗЭНий өргөөг дахин босгосноос хойш буюу МЭӨ 5-р зууны үед энэ номыг хамруулж үздэг. Эш үзүүлэгчийн гол зорилго нь тахилчид болон ард олныг Бурхантай байгуулсан гэрээндээ итгэмжит байхыг уриалах явдал байлаа. Учир нь тахилчид ч, ард олон ч лазагнан назгайрч өргөл өргөх нь хомсдон, ЭЗЭНий сургаалаар амьдрахаа больсон байжээ. Гэвч хүмүүсийг шүүж, ард түмнээ ариусгахаар ЭЗЭН Өөрөө ирэх бөгөөд гэрээг нь тунхаглан замыг нь засах элчийг урьдчилан илгээнэ гэдгийг энэ номд өгүүлсэн байдаг.

1 1 Малахигаар дамжуулан Израилын талаар айлдсан ЭЗЭНий айлдвар.

ЭЗЭНд Израил эрхэм

2 “Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,* * 3 Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон.” 4 Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгасуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно. 5 Та нар үүнийг нүдээр үзэж, «ЭЗЭН, Израилын хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай» гэж хэлэх болно.”

Тахилчдын ялзрал

6 “Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?” гэж түг түмдийн ЭЗЭН та нарт хандан айлдаж байна. Гэвч та нар “Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?” гэж асуудаг. 7 “Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөдөг. Гэсэн атлаа та нар «Бид Таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг. Та нар «ЭЗЭНий ширээ гэдэг чинь жигшил юм» гэж хэлснээрээ бузарлаж байна. 8 Та нар сохор малыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг нь өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.* 9 “Харин тааллыг нь хайж, Бурханы царайг эрэлхийлээд үз. Та нарын гарт иймэрхүү өргөлүүд байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
10 “Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэг нь хаалгануудыг барьчхаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 11 “Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 12 “Гэвч та нар «ЭЗЭНий ширээ бузарлагдсан. Энэ ширээний үр жимс, хоол хүнс нь үл тоогдсон» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна. 13 Та нар бас «Хараач, энэ ямар ядаргаатай юм бэ?» гэж хэлээд, үүнд зэвүүцэнгүй ханддаг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна. 14 “Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг худалч нь хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


  •  1:2–3 Ром 9:13
  • 1:2–5: Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14
  • 1:8 Дх 15:21