Энэ ном нь Мосегийн залгамжлагч Иошуагийн удирдлагаар израилчууд Канаан газрыг булаан эзэлсэн тухай түүх юм. Йордан голыг гаталсан, Иерихог эзэлсэн, Аи дахь тулаан болон Бурхан ба Түүний ард түмний хоорондох гэрээг дахин санан сэргээсэн тухай хэсгүүд нь номын гол үйл явдал билээ. Номын олонд хамгийн танил болсон хэсгийн нэг нь “хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго… Харин би болон манай гэрийнхэн ЭЗЭНд үйлчилнэ” (24:15) гэсэн эшлэл юм.

Эзэнээс Иошуад өгсөн үүрэг

1 1 ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад
2 Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Йорданыг гатлан, израилчуудад Миний өгөх тэр нутаг руу яв. 3 Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ.* 4 Та нарын нутаг нь цөлөөс энэ Ливан, их мөрөн болох Евфратаас хитчүүдийн бүх нутгаар дайрч, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно. 5 Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетой хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй.* 6 Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.* 7 Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. 8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. 9 Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.

Эзлэн авах бэлтгэл

10 Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь
11 Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Йорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв. 12 Харин Реубен, Гад бас Манассегийн хагас овогт Иошуа хэлсэн нь*
13 ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана. 14 Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Йорданы энэ зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг хүчит эрс ах дүү нарынхаа өмнө бүрэн зэвсэгтэй гатлан явж тэдэнд туслах ёстой. 15 ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Йорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв. 16 Тэд Иошуад хариулан хэлсэн нь
—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно. 17 Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетой хамт байсан шиг тантай хамт байх болтугай. 18 Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.


  • 1:3–5 Дх 11:24–25
  • 1:5 Дх 31:6,8; Евр 13:5
  • 1:6 Дх 31:6–7,23
  • 1:12–15 Тоо 32:28–32; Дх 3:18–20; Иош 22:1–6