Бага Азиас гаралтай Тимот хэмээх энэ залуугийн эх нь еврей, эцэг нь грек хүн байжээ. Тэрээр сайнмэдээ дэлгэрүүлэх Паулын аяны хамтран зүтгэгч, туслах нь байсан юм. Тимотод хандсан эхний захидлаа Паул сэтгэлийг нь зовоосон гурван зүйлийг шийдэхийн тулд бичжээ.
Юуны өмнө, чуулганд үүссэн хуурамч сургаалаас сэрэмжлүүлсэн байдаг. Энэ сургаал нь еврей ба еврей бус санааны холимог агаад хүний ертөнц бол ёрын муу, авралыг зөвхөн тусгай нууц мэдлэг болоод зарим төрлийн хоол, гэрлэлт мэтээс татгалзсанаар олж авна гэх үнэмшил дээр суурилж байжээ. Захидал мөн чуулганы удирдагч болон туслагчид байх ёстой шинж чанарын дүрслэл бүхий чуулганы удирдлага ба мөргөлийн талаарх зааврыг агуулдаг. Эцэст нь хэрхэн Есүс Христийн сайн үйлчлэгч байх болон итгэгчдийн янз бүрийн бүлгүүдэд хандсан үүрэг хариуцлагын талаар Тимотод зөвлөсөн байна.
Мэндчилгээ
1 1 Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би 2 итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод.* Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай.
Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлэг
3 Би Македон руу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах, 4 мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхаарлаа хандуулахгүй байхыг тэдэнд чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм. 5 Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм. 6 Зарим нь эдгээрээс төөрч, дэмий ярианд хэлбийжээ. 7 Тэд юу хэлж, юу баталж байгаагаа ойлгодоггүй атлаа хуулийн багш байхыг хүсдэг аж.
8 Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ. 9 Хууль нь зөв хүнд бус, харин ёс бус, тэрслүү, итгэл сүсэггүй хүмүүст болон нүгэлтнүүд, ариун бус ба бузар хүмүүс, эцэг эхээ хороогчид, алуурчид, 10 садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалч хүмүүс, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ. 11 Надад даалгасан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу ийм байна.
Нигүүлслийн төлөө талархал
12 Намайг хүчжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг. 13 Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авсан. Учир нь би үл итгэл дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм.* 14 Эзэний маань нигүүлсэл Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бялхаж байв. 15 Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн. Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. 16 Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгохын тулд Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулж, би өршөөлийг олж авсан юм. 17 Мөнхийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
18 Тимот хүү минь, чиний тухай урьд тунхаглагдсан эш үзүүллэгүүдийн дагуу энэ үүргийг би чамд даалгаж байна. Чи сайн тэмцлээр тэмцэж, 19 итгэл ба сайн мөс чанараа сахь. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ. 20 Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхыг сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.
- 1:2 Үйл 16:1
- 1:13 Үйл 8:3, 9:4–5