Библи дэх магтуу, залбирлын цоморлог болсон энэ ном он цагийг дамжсан олон зохиогчийн бүтээлийг дотроо багтаажээ. Эдгээр магтууг Израилын ард түмэн олж цуглуулан мөргөлийнхөө үеэр ашигладаг байсан агаад улмаар Библид багтсан байна.
Итгэл бишрэлийн хэв маяг бүхий эдгээр шүлэглэл нь магтаал, Бурханыг хүндлэхүй, тусламж эрсэн залбирал, хамгаалалт авралын гуйлт, гэмшлийн залбирал, Бурханы ивээлд талархах мөн дайснаа шийтгүүлэхийг хүссэн хүсэл гэх мэт олон сэдвийг хамарсан шүлэгтэй. Энд байгаа залбирлууд нь хувь хүний ба улс үндэстний хүсэл сонирхлыг аль алиныг нь тусгасан байдаг. Үүнийг заримдаа нэг хүний хэт хувийн шинжтэй сэтгэл зүрхний илэрхийлэл, заримдаа Бурханы ард түмний хэрэгцээ хүслийг төлөөлөн илтгэж байгаа шүлэглэл зэргээс нь харж болох юм.
Дуулал номоос Есүс, мөн Шинэ гэрээний зохиогчид иш татсан байдаг төдийгүй Христийн сүмийн эхлэл үеэс мөргөл хүндэтгэлийн үнэт ном байсаар ирсэн юм.
НЭГДҮГЭЭР НОМ
(Дуулал 1–41)
Зөвт ба буруутын зам
1 1 Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй
Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй
Басамжлагчдын суудалд суудаггүй хүн
Ерөөлтэй еэ!
2 ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж
Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.
3 Урсгал усны дэргэд тарьсан мод адил
Ургацын цагт үр жимсээ гаргаж
Навчис нахиа нь үл хатах адил
Аливаа үйл нь түүнд амжилт авчирна.
4 Саар буруу хүмүүс харин өөр агаад
Салхиар ялгагдах тарианы хальс мэт.
5 Бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тиймд зайлахгүй
Бузар нүгэлт хүмүүс зөвтийн чуулалд зогсохгүй
6 Зөвтийн замыг ЭЗЭН мэддэг
Буруутын зам сөнөж мөхдөг.