Иудагийн захидал нь өөрсдийгөө итгэгчид хэмээн зүтгэдэг хуурамч багш нараас сэрэмжлүүлэхийн тулд бичигджээ. Энэ товчхон захианд Петрийн хоёр дахь захидалтай төстэй хэсэг байдаг ба Бурханаас “хүмүүстээ нэгэнт өгчихсөн итгэлийнхээ төлөө тэмцэхийг” уншигчдадаа хандан Иуда ятгажээ.
Мэндчилгээ
1 1 Есүс Христийн боол, Иаковын дүү Иудагаас* Эцэг Бурхан дотор дуудагдсан, хайрлагдсан бас Есүс Христээр хамгаалагдсан хүмүүст. 2 Өршөөл, амар тайван, хайр нь та нарт улам арвин байх болтугай.
Захиа бичих шалтгаан
3 Хайртууд аа, та нарт бидний хуваалцдаг авралын тухай бичихээр хичээн зүтгэж байхдаа ариун хүмүүст тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг та нарт ятган бичих шаардлагатай хэмээн би бодлоо. 4 Учир нь шийтгэлд хэдийн заагдсан, итгэл сүсэггүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Эзэн Есүс Христийг үгүйсгэж байна.
Хуурамч багш нарыг шүүх нь
5 Хэдийгээр та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Есүсa нэгэнтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.* 6 Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт хүртэл мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ. 7 Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.*
8 Гэсэн хэдий ч тэдгээр хүмүүс ийм замаар зүүдэндээ түшиглэж, махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхлантнуудыг доромжилдог аж. 9 Харин тэргүүн тэнгэрэлч Михаел, диаволтай сөргөлдөж, Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлсэн юм.* 10 Гэтэл тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. 11 Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.* 12 Тэд бол та нарын хайрын зоог дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай хамт зооглохдоо өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан агаад хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд 13 өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэн гаргах тэнгисийн догшин давлагаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.
14 Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн ариун түмдтэйгээ ирж буй нь* 15 бүгдийн дээр шүүлт явуулж, итгэл сүсэггүйчүүдийн үйлсийг итгэл сүсэггүйгээр үйлдэгч бүрийг мөн итгэл сүсэггүй нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгсийг буруутгахын тулд юм” гэжээ. 16 Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд аман дээрээ бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.
Ятгалга ба сэрэмжлүүлэг
17 Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санах ёстой. 18 Юу гэвэл, тэд та нарт “Итгэл сүсэггүй хүсэл тачаалаа даган явагч, элэглэн тохуурхагсад эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.* 19 Тэд хагарал гаргадаг, төрөлхөөрөө байдаг бөгөөд тэдэнд Сүнс үгүй аж. 20 Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран 21 мөнх аминд аваачих Эзэн Есүс Христийн маань өршөөлийг хүлээн, Бурханы хайранд өөрсдийгөө сахь. 22 Эргэлзэгсдэд өршөөнгүй бай. 23 Зарим хүмүүсийг галаас суга татан гаргаж авар. Заримынх нь махбодоор бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшивч, эмээнгүйгээр тэднийг өрөвд.
Залбирал
24 Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд, 25 бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.
- 1:1 Мт 13:55; Мк 6:3
- a1:5 Зарим гар бичмэлд: Эзэн
- 1:5 Гэт 12:51; Тоо 14:29–30
- 1:7 Эх 19:1–24
- 1:9 Дан 10:13,21, 12:1; Илч 12:7; Дх 34:6; Зех 3:2
- 1:11 Эх 4:3–8; Тоо 22:1–35, 16:1–35
- 1:14 Эх 5:18,21–24
- 1:18 2Пт 3:3