Эш үзүүлэгч Иоелын тухай мэдээлэл их хомс бөгөөд яг хэдэн онд амьдарч байсан нь тодорхой бус. Гэхдээ эл ном МЭӨ 4–5-р зууны Персийн хаанчлалын үед бичигдсэн бололтой. Иоел царцааны нүсэр дайралт болон айхтар ширүүн гангийн тухай дүрсэлжээ. Түүнчлэн тэрээр, Бурханы зөвийг эсэргүүцсэн бүхэн шийтгэгдэх ЭЗЭНий өдөр ирэх тэмдгийг харсан байдаг. Ард түмнээ гэмших учиртайг мөн Бурханы өгөх сэргэлтийн тухай амлалт, ерөөлийг ч тэрээр бас дамжуулсан байна. Үүнээс тэмдэглүүштэй нь эр эм, хөгшин залуу гэлтгүй бүх ард түмэндээ Бурхан, Сүнсээ цутгана гэсэн амлалт юм.

1 1 Петуелийн хүү Иоелд ирсэн, ЭЗЭНий үг.

Сүйрэлд харуусахуй

2 Сонсогтун, ахмадууд аа,
Чих тавигтун, газрын бүх суугчид аа!
Ийм зүйл, та нарын үед ч
Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?
3 Хэл үүнийг, хөвгүүддээ,
Хөвгүүд чинь бас хөвгүүддээ хэлэг,
Тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулаг.

4 Авгалдайн үлдээснийг царцаа цөлмөв.
Царцааны үлдээснийг дэвхрэг цөлмөв.
Дэвхрэгийн үлдээснийг төөлүүр хорхой цөлмөв.

5 Сэрэгтүн, согтуурагчид аа, уйлагтун.
Үзмийн амтат дарс уугч бүгд ээ, орил.
Учир нь амнаас чинь дарс авагджээ.
6 Тоолшгүй, хүчирхэг үндэстэн
Нутгийг минь эзлэн авчээ.
Шүд нь арслангийн шүд мэт,
Араа нь эрслэнгийн араа мэт.*
7 Усан үзмийн модыг минь сүйтгэж,
Инжрийн модыг минь тэд хугачжээ.
Модны хальсыг хуулж,
Мөчрүүд нь унаж өгөршив.

8 Идэр залуу үеийнхээ эр нөхрийн төлөө
Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг гашууд.
9 Идээн өргөл болон ундаан өргөл нь
ЭЗЭНий өргөөнөөс тасарч,
ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудав.
10 Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудав.
Учир нь тариа сүйтгэгдэж,
Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.

11 Тариачид аа, ичицгээгтүн.
Усан үзэм тариалагчид аа,
Буудай, арвайнхаа төлөө уйлагтун.
Учир нь талбайн ургац устгагджээ.
12 Усан үзмийн мод гандан
Инжрийн мод хатжээ.
Анар, далдуу, алим гээд
Талбайн бүх мод хувхайрав.
Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.

Гэмшил ба залбирлын дуудлага

13 Тахилч нар аа,
Биедээ таар нөмөрч, гашуудагтун.
Тахилын ширээний үйлчлэгчид ээ,
Орилон уйлагтун.
Бурханы минь үйлчлэгчид ээ,
Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.
Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь
Бурханы чинь өргөөнөөс алдрав.

14 Мацаг барилтыг ариусган,
Тусгай чуулааныг зарлагтун.
Ахмадууд болоод энэ газрын суугч бүгдийг
ЭЗЭН Бурханыхаа өргөөнд цуглуулж,
ЭЗЭНд хандаж хашхирагтун.

15 Тэр өдөр гаслантай яа!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг
Сүйрэлтэй адил ирнэ.*
16 Нүдний маань өмнө хоол хүнс тасарч,
Бурханы маань өргөөнөөс
Баяр, инээд хөөр алга болсон биш үү?

17 Үр шавар доороо хорчийж,
Тариа хатсан тул агуулахууд эзгүйрч, зооринууд эвдэрлээ.
18 Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ!
Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна.
Хонин сүрэг ч туйлдаж байна.

19 ЭЗЭН, би Танд хашхирна.
Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,
Талын бүх модыг дөл шатаажээ.
20 Усны урсгалууд татарч,
Хээрийн бэлчээрүүдийг гал залгисан тул
Адгуус амьтад хүртэл Тан руу тэмүүлнэ.


  • 1:6 Илч 9:8
  • 1:15 Иса 13:6