Энэхүү захидлыг боолын эзэн Филемонд бичсэн ба түүнийг Колоссай дахь чуулганы нэр хүндтэй гишүүн байсан гэж үздэг. Түүний Онесим гэдэг боол зугтан явж байхдаа, шоронд байсан Паултай учран Христэд итгэсэн төдийгүй эзэндээ эргэн очих болсонтой холбогдуулан энэ захидлыг бичжээ. Паул эл захидалд, зугтсан боолоо өршөөн хэлтрүүлж, түүнийг боол бус харин итгэлийн ах дүү хэмээн хүлээн авахыг Филемонд ятгасан байна.

Мэндчилгээ

1 1 Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд 2 мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд.* 3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.

Филемоны хайр ба итгэл

4 Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг. 5 Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог. 6 Христийн төлөө бидний хийдэг алив сайн бүхнийг чи ойлгож мэдсэнээр итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. 7 Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.

Онесимын төлөөх гуйлт

8 Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч, 9 хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паулa гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. 10 Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.* 11 Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай.b 12 Би түүнийг чам руу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ. 13 Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн. 14 Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв. 15 Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ. 16 Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм.
17 Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. 18 Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. 19 Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг сануулах хэрэггүй байх) 20 Тийм ээ, дүү минь, Эзэн дотор тусыг чинь авъя. Христ дотор зүрхийг минь тэнхрүүл.
21 Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай занд итгэн, чамд бичлээ. 22 Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын ачаар би эргэж очно гэж найдаж байна.

Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл

23 Христ Есүс дотор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.* 24 Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.* 25 Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.


  • 1:2 Кол 4:17
  • a1:9 эсвэл элч боловч эдүгээ Христ Есүсийн учир хоригдол болсон Паул
  • 1:10 Кол 4:9
  • b1:11 Онесим гэдэг нь “ашигтай” гэсэн утгатай нэр.
  • 1:23 Кол 1:7, 4:12
  • 1:24 Үйл 12:12,25; Кол 4:10,14; 2Тм 4:10,11