Энэ захидлын хоёр гол зорилго нь Бурхан ба Түүний хүү Есүс Христтэй нөхөрлөн амьдрахыг уншигчдадаа ятгах, энэхүү нөхөрлөлийг сүйтгэж чадах хуурамч сургаалаас сэрэмжлүүлэх явдал ажээ. Эдгээр сургаал нь нүгэл бол махбодын ертөнцийн үр дүн тул Бурханы Хүү Есүс үнэндээ хүний биеэр оршиж байгаагүй гэх итгэл үнэмшил дээр суурилж байв. Тэдний багш нар энэ ертөнцийн санаа зовнилоос чөлөөлөгдөх нь аврагдах явдал бөгөөд үүнд ёс суртахуун ба бусдыг хайрлах талаар хийгээд байх зүйл байхгүй гэж зааж байв.
Элч Иохан энэ мэт сургаалыг эсэргүүцэн Есүс Христ хүний биеэр оршиж байсан хэмээн тодорхой мэдэгдэж, Есүст болон Бурханд хайртай хүн бүр бие биеэ хайрладаг гэдгийг онцолжээ.

Амийн Үг

1 1 Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай.* 2 Тэр амь илчлэгдэхийг бид үзсэн бөгөөд Эцэгтэй хамт байсан, бидэнд илчлэгдсэн тэрхүү амийг бид та нарт гэрчилж, тунхаглаж байна.* 3 Бид үзсэн, сонссоноо та нарт тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэндээ бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа юм. 4 Баяр баясгалангааa гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.

Бурхан бол гэрэл

5 Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. 6 Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй гэсэн үг. 7 Харин Тэр гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. 8 Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа хэрэг бөгөөд бидний дотор үнэн алга. 9 Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. 10 Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд Түүний үг бидний дотор алга.


  •  1:1 Иох 1:1
  • 1:2 Иох 1:14
  • a1:4 Зарим гар бичмэлд: баясгаланг чинь