Персийн хааны өвлийн ордонд болж өрнөсөн Естер номын гол өгүүлэмж нь еврейчүүдийг устгах санаатай дайснаас ард түмнээ гайхам эр зориг, зориулсан сэтгэлээрээ аварч чадсан, еврейчүүдийн баатар Естер бүсгүйн эргэн тойрны үйл явдал юм. Энэ номд еврейчүүдийн Пурим баярын утга болон цаадах учрыг тайлбарладаг.
Ваштийг хатан суудлаас буулгав
1 1 Энэ нь Энэтхэгээс Этиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байсан Ахашверош хааны үед болжээ.* 2 Ахашверош хаан Суса цайзнаа сэнтийдээ залран байсан тэр өдрүүдэд буюу 3 хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медегийн цэргийн жанжид мөн ихэс дээдэс, аймгуудынх нь засаг ноёд хааны өмнө байлаа. 4 Тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш буюу зуун наян хоног харуулав. 5 Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдсээс эгэл дорд хүртэлх бүх хүнд зориулан долоо хоног үргэлжилсэн найрыг хааны ордны цэцэрлэгийн хашаанд хийв. 6 Тэнд нил ягаан өнгийн нарийн маалинган уяагаар мөнгөн гархинд холбож, гантиг багануудад өлгөсөн цагаан, хөх ягаан өнгө хосолсон нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт, мөнгөн буйдангууд байлаа. 7 Зүсэн бүрийн алтан сав суулгаар ууш ундаа түгээсэн бөгөөд хааны өгөөмөр хишгээр усан үзмийн дарс халгиж цалгиж байв. 8 Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад зарлигджээ. 9 Хатан Вашти ч мөн Ахашверош хааны өргөөнд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
10 Долоо дахь өдөр нь Ахашверош хааны зүрх дарсанд хөгжиж, хааны өмнө үйлчилдэг долоон тайган буюу Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт тушаал буулгав. 11 Тэрээр хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд хатны титэмтэй нь хааны өмнө ирүүлэхийг тушаалаа. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. 12 Гэвч Вашти хатан тайгануудаар дамжуулсан хааны айлдвараас татгалзаад очсонгүй. Хаан ихэд уурсаж, уур хилэн нь дүрэлзэв.
13 Тэгээд хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй хаан ярилцлаа. (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхэнтэй хаан зөвлөлддөг заншилтай байжээ. 14 Тэгэхэд Перс болон Медегийн долоон ноён, хааны шадар түшмэд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена болон Мемукан нар түүнд бараа болж, хаант улсдаа дээгүүр залардаг байв.) Тэгээд
— 15 Тайгануудаар биечлэн дамжуулсан Ахашверош хааны айлдварыг дагаагүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд, 16 хаан хийгээд шадар түшмэдийн өмнө Мемукан ийнхүү өгүүлэв.
—Хатан Вашти зөвхөн хааны өмнө ч биш мөн хаан Ахашверошийн бүх аймаг дахь засаг ноёд болон хамаг олны өмнө буруу юм хийлээ. 17 Учир нь хатны үйлдэл бусад эмэгтэйчүүдэд хүрэх аваас тэд “Хаан Ахашверош хатан Ваштийг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр очоогүй” гээд нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүрнэ. 18 Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медегийн сурвалжит эмэгтэйчүүд хааны хамаг ноёдтой ийнхүү яривал жигшил зэвүүцэл, уур хилэн ихсэх болно. 19 Хэрэв хаан таалбал, Ахашверош хааны өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медегийн хуульд бичүүлье. Мөн хаан түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хатан байр суурийг нь өгнө биз ээ! 20 Улмаар хааны гаргасан зарлигийг түүний агуу хаант улс даяар сонсговол эмэгтэйчүүд бүгд нөхрөө их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв. 21 Энэ үг хаан болон ноёд түшмэдийнх нь таалалд нийцэж, Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов. 22 Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн тунхаг бичгийг илгээв.
- 1:1 Езр 4:6