Ёс бус нэгэн

2 1 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх болон бид Түүн өөд цуглах тухайд бид та нараас гуйж байна.* 2 Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар бодолдоо амархан ганхалгүй, сүнсээр ч, үг яриагаар ч, эсвэл биднээс ирсэн мэт захидлаар ч бүү үймүүлэгд. 3 Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хүү болох ёс бус нэгэн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. 4 Тэрээр бурхан ба шүтээний зүйл гэгдэгч бүгдийг эсэргүүцэж, өөрийгөө тэдний дээгүүр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж тунхаглана.* 5 Би та нартай хамт байхдаа эдгээрийн тухай хэлж байсныг та нар санахгүй байна уу? 6 Тэрээр цагтаа илчлэгдэхийн тулд эдүгээ юу түүнийг хязгаарлан барьж байдгийг та нар мэднэ. 7 Учир нь ёс бусын нууц нь хэдийн ажиллаж байна. Гэвч хязгаарлан баригч нь үүний замаас зайлуулагдах хүртэл энэ нь хязгаарлагдах ажээ. 8 Дараа нь ёс бусын нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөөa устгана.* 9 Тэр нэгэн бол Сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшиг* 10 болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан. 11 Тиймээс Бурхан тэдэн рүү хүчтэй төөрөгдөл илгээж, тэд худал хуурмагт итгэх болно. 12 Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм.

Сонгогдсон хүмүүс

13 Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө харин бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг Сүнсний ариусгал ба үнэнд итгэх итгэлээр дамжуулан аврагдах анхныb үр жимс болгон сонгосон ажээ. 14 Үүний тулд Тэрээр бидний тунхагласан сайнмэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм. 15 Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр бас захидлаар заасан уламжлалуудыг баримтал. 16 Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань 17 та нарын зүрхийг аливаа сайн үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.


  • 2:1 1Тс 4:15–17
  • 2:4 Дан 11:36; Езк 28:2
  • a2:8 Зарим гар бичмэлд: сүр жавхлангаараа
  • 2:8 Иса 11:4
  • 2:9 Мт 24:24
  • b2:13 Зарим гар бичмэлд: анхнаас нь