МЭӨ 586 онд Йерусалим хот сүйрснээс хойших тодорхой бус хэсэг үед хамаарах энэ номд Иудагийн зүүн өмнөд дэх эртний дайсан едомчууд Йерусалимын сүйрэлд баярлаад зогсохгүй булаан эзлэгчдэд туслан Иудагийн зовлонт үеийг ашиглан хотыг тоносон тухай дүрсэлдэг. Едомыг Эзэн шийтгэж, сүйрүүлэх тухай Обадиа эш үзүүлжээ.
Бардам Едомыг номхотгоно
1 1 Обадиагийн үзэгдэл. Едомын талаар Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
ЭЗЭНээс бид мэдээ сонсов.
“Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гаръя” гэж
Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.*
2 “Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно.
Чи үлэмж ихээр басамжлагдана.
3 Хадны ангалаар амьдарч,
Газрын өндөрлөгт нутагладаг чамайг
Зүрхний чинь ихэрхэл хуурчээ.
«Хэн намайг газарт буулгах вэ?» гэж
Зүрхэндээ чи хэлнэ үү?
4 Чи бүргэд адил өндрөө авч,
Оддын дунд үүрээ зассан ч
Би чамайг тэндээс доош унагана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Едомын хэрцгийллийн хариу
5 “Хэрэв хулгайч нар танай руу ирвээс,
Шөнөөр дээрэмчид орвоос
Чи яаж сүйрэх бол!
Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү?
Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс
Үлдэгдэл үлдээдэг бус уу?
6 Есав харин яаж тонуулах бол!
Нууцлагдсан эрдэнэсийг нь яаж нэгжих бол!
7 Холбоотон байсан бүхэн чинь
Хилийн зүг чамайг шахаж,
Эв найртай гэгдэх хүмүүс
Чамайг мэхэлж түрэмгийлнэ.
Талхыг чинь идэж явсан тэд
Дор чинь урхи тавина.
Үүнийг ухаарах хүн үгүй.
8 Мэргэдийг Едомоос,
Ухааныг Есавын уулаас устгах минь
Тэр өдөр биш үү?” хэмээн
ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Теман аа, дайчин эрс чинь айдаст автан
Есавын уулын хүн бүр аллагаар таслагдана.
Едом дүүгээ хэрцгийлжээ
10 Дүү Иаковтааа үйлдсэн хүчирхийллээс болж
Ичгүүр чамайг нөмрөх агаад
Эгнэгт чи таслагдах болно.
11 Гаднынхан түүний баялгийг авч одсон
Тэр өдөр чи холхон зогсож байсан.
Гулдан хаалгаар нь гаднынхан орж ирээд
Йерусалимын төлөө шавга хаясан өдөр
Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.
12 Дүүгийнхээ өдөр, зовлонт өдрийг нь бүү хар
Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр бүү баяс.
Зовлон шаналант өдөр нь чи
Амаа бардамнаж бүү нээ.
13 Миний ард түмний гамшгийнх нь өдөр
Үүд хаалгаар нь бүү ор.
Гамшгийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар.
Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хүр.
14 Оргон дайжигсдыг нь цавчих гэж
Замын уулзварт бүү зогс.
Амьд үлдэгсдийг нь бэрх өдөрт бүү тушаа.
15 Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн рүү ойртож байна.
Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно.
Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.
16 Ариун ууланд минь та нарын уусныг
Адилхан бүх үндэстэн үргэлжлүүлэн ууна.
Ууж тэд залгилна.
Урьд оршиж байгаагүй мэт болно.
Эцсийн ялалт
17 Гэвч Сион уулан дээр аврал оршиж,
Энэ уул нь ариун байх болно.
Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд
18 Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж,
Есавын гэр харин сүрэл мэт болно.
Есавын гэрээс хүн үлдэхгүй болтол нь
Тэд тэднийг галд хаяж шатаана”
Ингэж ЭЗЭН айлджээ.
19 Дараа нь Есавын уулыг негевчүүд,
Филистийн талыг шефелачууд эзэмших болно.
Тэд Ефраимын нутаг,
Самарийн нутгийг эзэмших бөгөөд
Гилеадыг Бениамин эзэмших болно.
20 Халад байгаа Израилын цөлөгдөгсөд нь
Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд
Сефарадад буй Йерусалимын цөлөгдөгсөд нь
Негевийн хотуудыг эзэмших болно.
21 Аврагчид Есавын уулыг шүүхээр
Сион уул өөд өгсөнө.
Хаанчлал ЭЗЭНийх болно.
- 1–14 Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Мал 1:2–5
- а1:10 Дүү Иаков: Израил буюу Иаков нь Есавын дүү, Исаакийн хүү. Едомчууд нь Есавын удам юм.