2 1 Сионд бүрээ татан,
Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун.
ЭЗЭНий өдөр ирж байгаа тул
Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн.
Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
2 Бүрхэг, харанхуй өдөр,
Манантай, түнэр харанхуй өдөр.
Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт
Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна.
Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй,
Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.

3 Тэдний өмнө гал шатаж,
Ард нь дөл дүрэлзэнэ.
Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг
Еден цэцэрлэг шиг байх боловч
Дараа нь зэлүүд цөл шиг болно.
Тэднээс юу ч зугтаж эс чадна.

4 Төрх нь морьдын төрх мэт,
Тэд дайны морьд мэт дүүлнэ.*
5 Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр
Тэд уулсын оройгоор үсэрнэ.
Сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,
Хүчит ард түмэн тулалдаанд жагссан мэт.

6 Тэдний өмнө хүмүүс түгшиж
Бүгдийн царай хувхайрна.
7 Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн
Цэргүүд мэт хэрэм өөд авирна.
Тэд тус бүр жагсаалаар урагшилж,
Замаасаа эс гажна.
8 Тэд бие биеэ үл түлхэнэ.
Өөр өөрсдийнхөө замаар алхана.
Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч
Эгнээгээ эс алдана.
9 Тэд хотыг дайран хэрмэн дээгүүр гүйлдэж,
Байшин өөд авиран,
Хулгайч мэт цонхоор дотогш орно.

10 Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин,
Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.*
11 ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө.
Хуаран нь юутай том бэ?
Тушаалыг нь биелүүлэгчид юутай хүчирхэг вэ?
ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай.
Үүнийг хэн тэсэж чадах вэ?*

12 ЭЗЭН тунхаглаж байна.
“Одоо ч гэсэн мацаг, уйлаан, гашуудал дор
Над руу зүрхээрээ эргэгтүн!
13 Та нар хувцсаа биш,
Харин зүрхээ урж тасчигтун”
ЭЗЭН Бурхандаа эргэгтүн.
Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам,
Шийтгэхдээ зөөлөрдөг.
14 ЭЗЭН зөөлрөхөө больж,
Ерөөлөө ардаа орхин
ЭЗЭН Бурханд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг
Орхихыг хэн мэдлээ?

15 Сионд бүрээ үлээгтүн.
Мацаг барилтыг ариусга
Тусгай чуулааныг зарлан тунхагла.
16 Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.
Ахмадуудыг авчирч,
Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуул.
Сүйт залуу өрөөнөөсөө,
Сүйт бүсгүй унтлагын өрөөнөөсөө гараг.

17 ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим,
Тахилын ширээний хооронд уйлагтун.
Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.
Өөрийн өвийг доромжлол,
Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч.
Яагаад тэд ард түмнүүдийн дунд
«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой вэ?” гэж хэлэг.

Бурханы хариу ба амлалт

18 Дараа нь ЭЗЭН газраа чандлан,
Ард түмнээ өрөвдөнө.
19 ЭЗЭН хариулж, ард түмэндээ
“Үзэгтүн, Би та нарт үр тариа,
Усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна.
Та нар түүгээр хангагдах болно.
Би хэзээ ч дахин та нарыг
Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй.

20 Харин Би хойд зүгийнхнийг та нараас холдуулан
Тэднийг хатсан зэлүүд газар луу шахаж,
Тэдний манлайг дорнын тэнгис рүү,
Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис рүү хөөн зайлуулна.
Муухай үнэр нь дэгдэн
Эхүүн үнэр нь гарч ирнэ.
Энэ агуу зүйлсийг Тэр хийсэн юм” гэж хэлэх болно.

21 Газар аа, бүү айгтун,
Хөгжин баясагтун.
Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн.
22 Хээр талын адгуус амьтад аа, бүү айгтун.
Учир нь цөлийн бэлчээр ч ногоорч,
Мод үр жимсээ гарган
Инжрийн мод, усан үзмийн мод ургацаа өгнө.

23 Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун.
ЭЗЭН Бурханыхаа дотор баясаж баярлагтун.
Учир нь Тэрээр та нарын зөвтгөлийн төлөө
Эхний бороог та нарт хүртээнэ
Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.

24 Үтрэмүүд үр тариагаар дүүрч,
Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно.
25 “Дараа нь та нарын эсрэг
Миний илгээсэн агуу их цэрэг буюу
Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг
Би та нарт нөхөн төлнө.

26 Та нар хангалуун идэж, цадан
Та нарт гайхамшгийг хийж өгсөн
ЭЗЭН Бурханыхаа нэрийг магтах болно.
Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.
27 Ингэж Намайг Израилын дунд байгааг болон
Өөр хэн ч биш Би л ЭЗЭН Бурхан чинь гэдгийг
Та нар мэдэх болно.
Өргөн түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй.

Ариун Сүнсний цутгалт

28 Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана.
Хөвгүүд, охид чинь эш үзүүлж
Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж,
Залуус чинь үзэгдэл үзнэ.*
29 Боол шивэгчингүүд дээр ч
Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.

30 Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ.
Тэр нь цус, гал, утаан баганууд болой.
31 ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө
Нар харанхуйлж, сар цус мэт болно.*
32 ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдана.
ЭЗЭНий айлдсанаар
Сион уул ба Йерусалимын хувьд үлдэгсэд байх болно
ЭЗЭНий айлдсанаар
ЭЗЭНий дуудсан хүмүүс
Амьд үлдэгсдийн дунд байх болно.*


  •  2:4–5 Илч 9:7–9
  • 2:10 Илч 8:12
  • 2:11 Илч 6:17
  • 2:28–32 Үйл 2:17–21
  • 2:31 Мт 24:29; Мк 13:24–25; Лк 21:25; Илч 6:12–13
  • 2:32 Ром 10:13