Нүгэлт хотын сүйрэл
2 1 Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ.
Цайзаа хамгаал, замыг ажигла.
Ууцаа бэхэлж, бүх хүчээ хураа.
2 Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,
Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч,
ЭЗЭН Иаковын сүр хүчийг
Израилын сүр хүчийг бас сэргээх болно.
3 Хүчит эрсийнх нь бамбай улаан өнгөтэй,
Дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.
Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөр
Тэрэгнүүд нь хэтний оч шиг улалзаж.
Тэдний хүлгүүд дүүхэлзэх аж.
4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,
Тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.
Тэдний дүр төрх нь бамбар мэт,
Тэд цахилах гялбаанууд мэт
Цааш нааш цахилж байна.
5 Тэр жанждаа санадаг.
Тэд алхаан дундаа бүдэрч,
Хана хэрэм рүү нь яарцгаан,
Бүслэлтийн хаалт босгоно.
6 Гол усны гулдан хаалганууд нээгдэж
Ордон сүйрчээ.
7 Бүх юм шийдэгджээ.
Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.
Түүний шивэгчингүүд цээжээ дэлдэж,
Тагтаа дуугарах мэт ёолно.
8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид
Усан цөөрөм мэт байсан боловч
Одоо тэд зугтаж байна.
“Зогс, зогс” гэх боловч буцах хэн ч алга.
9 Мөнгийг олзол, алтыг олзол.
Төрөл бүрийн эрдэнийн зүйлс нь бялхав.
Хэмжээ хязгаар гэж ер алга.
10 Сүйрэл, хоосрол бас үгүйрэл!
Зүрхнүүд хайлж, өвдөгнүүд чичирч байна.
Өвчин бүх биеэр тархаж
Бүх нүүр зэвхий цайжээ.
11 Тэнд арслангуудын нүх,
Идэр арслангуудын хооллох газар байсан.
Тэнд эрслэн, арслан, гүег мярааж,
Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.
12 Агуйнуудаа арслан олзоор дүүргэж
Гүегүүддээ арвин ихийг урж тасчин
Эрслэнгүүддээ идүүлэхээр ихийг алж,
Нүхнүүдээ сэг зэмээр дүүргэдэг байсан.
13 “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд тэрэгнүүдийг чинь шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас тасалж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй.”