Есүс Христийн сайн цэрэг

2 1 Иймд хүүхэд минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. 2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсээ чи итгэмжит, бусдад заах чадвартай хүмүүст даатга. 3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. 4 Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. 5 Дүрмийн дагуу барилдахгүй бол хэн ч титэм авахгүй. 6 Харин ихэд зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. 7 Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд бүх зүйл дээр ойлголт өгнө.
8 Миний тунхагладаг сайнмэдээний дагуу, Давидын үр сад буюу үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. 9 Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. 10 Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах, сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ. 11 Энэ бол итгэмжит үг.
Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол
Түүнтэй хамт мөн амьдарна.
12 Хэрэв бид тэвчвэл*
Түүнтэй хамт мөн хаанчилна.
Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл
Тэр ч бас биднийг үгүйсгэнэ.
13 Бид итгэмжгүй байлаа ч,
Тэр итгэмжит хэвээр байна.
Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэхгүй.

Бурханаар батлагдсан ажилчин

14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. 15 Ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд өөрийгөө сайшаалган харуулахыг хичээ. 16 Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тийм зүйлс хүмүүсийг итгэл сүсэггүй байдал руу улам хөтөлдөг юм. 17 Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. 18 Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийн болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. 19 Хэдий тийм ч Бурханы суурь нь бат хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.* 20 Том байшинд зөвхөн алт, мөнгөн төдийгүй мөн мод, шавар сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. 21 Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно. 22 Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. 23 Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь хэрүүл тэмцэл бий болгодгийг мэдэн татгалз. 24 Эзэний боол хэрүүл тэмцэлд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, 25 зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол 26 тэд ухаан орж, хүслээ үйлдүүлэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.


  • 2:12 Мт 10:33; Лк 12:9
  • 2:19 Тоо 16:5