4 1 Би Бурханы өмнө мөн үзэгдэлт ба хаанчлалдаа амьд ба үхэгсдийг шүүх Христ Есүсийн оршихуйд чамд чухалчлан захья. 2 Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл, зэмлэ, урамшуул. 3 Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд 4 чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 5 Харин чи бүх юманд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг тунхаглагчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.
6 Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. 7 Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.я 8 Урд минь зөвт байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн тэр өдөр намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.
Хувийн зааварчилгаа
9 Над дээр даруй ирэхийг хичээ. 10 Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник руу явсан. Креск Галат руу, Тит Далмат руу явсан.* 11 Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.* 12 Харин би Тухикийг Ефес рүү явуулсан.* 13 Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, тэгээд номууд, ялангуяа илгэн хуйлмал бичвэрүүдийг минь авч ир.* 14 Зэсийн дархан Александр надад муу юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.* 15 Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү.
16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой. 17 Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлж, би арслангийн амнаас аврагдсан. 18 Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл
19 Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй.* 20 Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим өвдсөн учир би түүнийг Милетэд үлдээв.* 21 Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. 22 Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
- a4:7 эсвэл амлалтдаа үнэнч байсан.
- 4:10 Кол 4:14; Флм 24; 2Ко 8:23; Гал 2:3; Тит 1:4
- 4:11 Кол 4:14; Флм 24; Үйл 12:12,25, 13:13, 15:37–39; Кол 4:10
- 4:12 Үйл 20:4; Еф 6:21–22; Кол 4:7–8
- 4:13 Үйл 20:6
- 4:14 1Тм 1:20; Дуу 62:12; Ром 2:6
- 4:19 Үйл 18:2; 2Тм 1:16–17
- 4:20 Үйл 19:22; Ром 16:23; Үйл 20:4, 21:29