Христ дахин ирэхийг хүлээх тухайд Тесалоник дахь чуулганыхан ихэд төөрөлдөж байсан нь тэдний үймэлдэх гол шалтгаан болжээ. Эзэний ирэх өдөр аль хэдийн болчихсон гэх тэдний үнэмшилд Паулын 2 дахь захидал хариу өгсөн юм. Тэрээр энэ бодлыг засаж, Христийг ирэхээс өмнө Христийг эсэргүүцэгч “нүгэлт нэгэн” гэгдэх нууцлаг удирдагчийн дор нүгэл ба ёр муу дээд цэгтээ хүрнэ гэдгийг онцолсон байна.
Хэдийгээр бэрхшээл төвөг болоод зовлон зүдүүр тулгарч байгаа ч итгэлдээ бат үлдэн Паул хийгээд хамтран зүтгэгч нарынх нь адил амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх, сайныг үйлдсэн хэвээр байхын чухлыг Паул уншигчдадаа хандаж өгүүлжээ.
Мэндчилгээ
1 1 Паул болон Силуан, Тимот нараас бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд.* 2 [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
Талархал
3 Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, танайхны хүн бүрийн бие биеэ гэсэн хайр нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм. 4 Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.
Христийг ирэх үед болох шүүлт
5 Зовж байгаа чинь Бурханы зөв шүүлтийн эгэл шинж тэмдэг бөгөөд ийнхүү та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдоно. Учир нь та нар үнэхээр зовж байгаа билээ. 6 Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, 7 харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үедээ амралт өгч, 8 Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. 9 Тэд мөнх сүйрлийн шийтгэлийг авч, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.* 10 Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэх үед болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм. 11 Тиймээс Бурхан маань та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайн хүсэл бүрийг бас итгэлийн үйлийг Өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. 12 Ингэснээр бидний Бурханы ба Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор, та нар Түүний дотор алдаршина.
- 1:1 Үйл 17:1
- 1:9 Иса 2:10