Петрийн 2 дахь захидал эртний христитгэгчдийн нэлээд өргөн хүрээнд ханджээ. Гол санаа нь, худал сургаал заадаг, ёс бус явдалтай хуурамч багш нартай тэмцэх тухай юм. Эдгээр асуудлын хариуг Есүстэй хамт байсан болон сургаалыг нь сонсож явсан хүмүүсээр дамжин ирсэн Эзэн Есүс Христ болон Бурханы тухай үнэн мэдлэгийг баримталснаар олж мэдэх болно гэжээ. Ялангуяа Есүс Христийг эргэн ирэхгүй хэмээн заадаг хуурамч сургаалын талаар элч Петр илүү хөндөж, “Бурхан хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг” гэсэн юм. (3:9)

Мэндчилгээ

1 1 Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэт итгэлийг хүлээн авсан хүмүүст. 2 Бурханыг болон бидний Эзэн Есүсийг танин мэдсэнээр нигүүлсэл ба амар амгалан нь та нарт улам арвижих болтугай.

Христитгэлийн дуудлага ба сонголт

3 Алдар ба давуу чанараарааa биднийг дуудсан Түүний тухай жинхэнэ мэдлэгээр дамжуулан, Түүний бурхан хүч нь бидний амь ба итгэл сүсэгт хамаатай бүхнийг бидэнд соёрхжээ. 4 Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхжээ. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирч, бурхан чанарыг хуваалцагч болох юм. 5 Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, 6 мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, 7 итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. 8 Та нарт эдгээр нь байгаа бөгөөд улам нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. 9 Эдгээр чанараар дутагддаг хүн бол урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн мөн. 10 Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.b 11 Ингэснээр бидний Эзэн ба Аврагч болох Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно.
12 Хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэддэг бөгөөд эдүгээ өөрсдийн чинь дотор байгаа үнэнд бат тогтвортой байдаг ч, би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. 13 Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхээ зөв гэж үзэж байна. 14 Учир нь бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна. 15 Намайг одсоны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.

Христийн сүр жавхланг нүдээр гэрчлэгчид

16 Бид Эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба Түүний ирэлтийн тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан. 17 Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарсан юм.* 18 Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
19 Түүнчлэн бидэнд илүү баттай эш үзүүллэгийн үг бий. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар тэр үгэнд анхаарал тавивал сайн. 20 Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. 21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Бурханаас ирсэн бөгөөд Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсээр дамжин хэлэгджээ.


  • a1:3 Зарим гар бичмэлд: чанараа хуваалцахаар
  • b1:10 эсвэл итгэлээ орхихгүй эсвэл нүгэлд унахгүй
  • 1:17–18 Мт 17:1–5; Мк 9:2–7; Лк 9:28–35