ЭЗЭНий хариу

2 1 Би манааныхаа байранд зогсож,
Бэхлэлт дээр байрлан суух болно.
Тэрээр надад юу айлдахыг
Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг
Би харуулдан харсаар л байх болно.
2 Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдлаа.
“Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл,
Уншсан нэг нь ухасхийг.
3 Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм.
Төгсгөл рүүгээ энэ нь яарах агаад эс хөсөрдөнө.
Хоцорч байгаа мэт байвал хүлээгтүн.
Хойшлолгүй заавал биелэгдэх болно.*
4 Харагтун, бардам хүний сэтгэл зөв бус байдаг
Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна. *
5 Эд хөрөнгөa гэдэг урвагч,
Ихэрхүү хүн амралтгүй,
Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх хүслээ ихэсгэж,
Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй.
Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,
Бүх ард түмнийг өөртөө хураана.”

Нүгэлтнүүд хөөрхий еэ!

6 Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуу гаргаад
“Өөрийн бус юмыг өсгөж,
Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ!
Хэдий болтол ингэх гэсэн юм бол?” гэхгүй гэж үү?
7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,
Чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?
Үнэхээр чи тэдний олз нь болно.
8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир
Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд
Бүгд чамайг тонох болно.
Энэ чи газар нутаг, сууринд
Оршин суугчдад нь үйлдсэн
Хүний цус, хүчирхийллээс болж байгаа юм.

9 Өндөрт үүрээ засаж,
Гамшиг сүйрлийн савраас аврагдахын тулд
Ёс бусын олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхий еэ!
10 Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ
Чи гэртээ гутамшигт зүйлийг дуудаж,
Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.
11 Үнэхээр хана хэрмээс чулуу хашхирч,
Модон байшингийн яс модод түүнд хариулах болно.

12 Цус урсган хот босгож,
Ёс бусаар суурин байгуулагч нь хөөрхий еэ!
13 Ард түмнүүд галд зориулан нөр их хөдөлмөрлөж,
Үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж туйлдах нь
Үнэндээ түг түмдийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?
14 Гэвч далай усаар дүүрэн байдгийн адил
Дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.*

15 Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,
Хөршөө согтоогч хүн хөөрхий еэ!
16 Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно.
Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн.
ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж,
Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.
17 Хүний цус урсган,
Хүчирхийллийг газар, хот, иргэдэд нь үйлдсэн тул
Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг нөмөрнө.
Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно.

18 Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно
Ашиг тус нь юу вэ?
Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн
Ашиг тус нь эсвэл юу вэ?
Ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлагч нь
Гарын бүтээлдээ л итгэн найддаг аж.
19 Модны тайрдсанд хандан “Сэрээч!” гэж,
Дүлий чулуунд “Босооч!” гэж хэлдэг хүн хөөрхий еэ!
Тэр чамд зааж чадна гэж үү?
Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн
Амьсгаа дотор нь байхгүй эд.

20 Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг.
Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байгтун.


  •  2:3 Евр 10:37
  • 2:4 Ром 1:17; Гал 3:11; Евр 10:38
  • a2:5 евр. дарс
  • 2:14 Иса 11:9