3 1 Шигионотын дагуу, эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
Хабаккукийн залбирал
2 ЭЗЭН, Таны алдрыг би сонсоод эмээж байна.
ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,
Үүнийгээ энэ үед мэдүүлээч.
Өршөөлөө Та хилэгнэхдээ ч санаач.
3 Теманаас Бурхан морилон ирж,
Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села
Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин,
Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.
Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд
Түүний хүч чадал нууцлагдсан.
5 Түүний өмнө тахал явж,
Араас нь сүйрэл гамшиг дагадаг.
6 Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.
Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.
Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж,
Эртний толгод хотойв.
Түүний замууд үүрдийнх юм.
7 Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,
Мидиан газрын хөшигнүүд чичрэхийг би харлаа.
8 Та морьдоо хөлөглөн
Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь
Гол мөрнүүдэд уурссаных гэж үү?
Тэнгис далайд хилэгнэснийх гэж үү?
ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юү?
9 Нум тань шувт татагдаж,
Сумнууд тань тушаалаар тань болжээ. Села
Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.
10 Уулс Таныг хараад доргин чичирч,
Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө.
Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж,
Гараа өндөрт өргөлөө.
11 Нар, сар байрандаа тогтов.
Таны сумны гэрэлд,
Гялалзах жадны тань туяанд
Тэд зайлан одлоо.
12 Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхаж,
Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.
13 Өөрийн ард түмний аврал болон
Тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө
Та гарч ирсэн билээ.
Гэм буруутнуудын гэрийн тэргүүнийг Та цохиж,
Гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села
14 Үй олны тэргүүлэгчийг
Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан.
Тэд биднийг бутаргахаар шууран ирсэн билээ.
Тэд зовогсдыг нууцаар залгиад баясаж байсан билээ.
15 Та морьдоороо далай тэнгисийн дээр,
Их усны давлагаан дээгүүр дэвсэлнэ.
16 Сонсоод хамаг дотор минь дэлсэж,
Чимээ шуугианд уруул минь чичрэв.
Ялзрал ясанд минь нэвтэрч,
Зогсож буй газартаа би салганан чичирнэ.
Учир нь бидний эсрэг босож түрэмгийлсэн ард түмэн дээр
Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл
Би чимээгүй хүлээх ёстой.
Зовлон дундах найдлага ба баяр хөөр
17 Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй,
Усан үзмийн мод ч үр жимсгүй,
Чидуны ургац гарахгүй,
Талбайд хүнс огт ургахгүй байсан ч,
Хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч
18 ЭЗЭНий дотор би баясан хөөрч,
Авралынхаа Бурхан дотор баярлана.
19 Эзэн БУРХАН бол миний хүч чадал.
Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож,
Намайг өндөр газруудаар минь явуулдаг.*
Удирдагчид, утсан хөгжим дээр тоглоход зориулав.
- 3:19 2См 22:34; Дуу 18:33