2 1 Тахилчид аа, энэ бол та нарт өгөх тушаал юм. 2 Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, Миний нэрийг хүндэтгэхэд сэтгэл тавихгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараал болгоно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар зүрхнээсээ хандахгүй байна. 3 Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд баярын тахилын чинь сэвсийг буюу тэр сэвсийг нялж, та нар түүнтэйгээ хамт Надаас зайлах болно. 4 Левитэй тогтоосон гэрээгээ үргэлжлүүлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.* 5 “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогсдог байсан.* 6 Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлж байсан. 7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм. 8 Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олон хүнийг хууль заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 9 “Та нар Миний замыг сахихгүй, харин хууль зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.”
Иудагийн тэрсэлсэн гэрээ
10 Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү? Яагаад бид ах дүүгийнхээ эсрэг тэрслэн өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ? 11 Иуда тэрсэлж, Израил болон Йерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэж байна. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн. 12 Ийм зүйлийг хийдэг, өмгөөлдөг хүнийг түг түмдийн ЭЗЭНд өргөл өргөдөг байсан ч Иаковын майхнаас ЭЗЭН таслах болтугай.
13 Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Тиймээс Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, та нарын гараас өргөлийг чинь таалалдаа хүлээн авахгүй. 14 Гэсэн ч та нар “Ямар шалтгаанаар вэ?” гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр эмэгтэй чиний хань бөгөөд гэрээ ёсоор чиний эхнэр боловч чи түүнээс урвасан юм. 15 Гэвч өчүүхэн ч гэсэн Сүнстэй хэн нь ч тэгэхгүй. Бурханлаг үр удмыг Бурхан эрэлхийлж байхад тэр хүн юу хийж байгаа нь тэр вэ? Тиймээс сэтгэлээ анхаар. Хэн ч залуу насныхаа эхнэрээс бүү урваг. 16 Учир нь “Би салалтыг үзэн яддаг” гэж Израилын Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас үзэн яддаг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. Тиймээс та нар сүнсэндээ анхаар. Итгэлээсээ бүү урва.”
17 Та нар үгсээрээ ЭЗЭНийг залхаадаг. Гэвч “Бид яаж залхаасан юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” хэмээн хэлж, “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу?
- 2:4 Тоо 3:11–13
- 2:5 Тоо 25:12