Христийн дарууг дуурайхуй
2 1 Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл,a энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол 2 адил бодол санаа, адил хайртай байж, нэгдмэл сүнс, нэг бодол санаагаараа намайг бүрэн баярлуул. 3 Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, 4 хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 5 Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай.
6 Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч,
Бурхантай тэгш байх гэсэнгүй,
7 Харин Өөрийгөө юу ч үгүй болгон
Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.
8 Хүн төрхийг олсон Тэрээр
Өөрийгөө дорд болгож,
Үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.
9 Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр
Түүнийг өргөмжилсөн бөгөөд
Алив нэрээс дээд нэрийг
Түүнд соёрхов.
10 Ингэснээр Есүсийн нэрд
Тэнгэр дэх, газар дээрх, газрын доорх бүгд өвдөг сөгдөж,*
11 Хэл бүхэн Есүс Христийг Эзэн хэмээн өчиж,
Эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ.
Ертөнцөд гэрэл мэт гялалзах нь
12 Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ. 13 Учир нь Өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь Бурхан Өөрөө та нарын дотор ажилладаг юм. 14 Бүхнийг гомдол маргаангүйгээр хийцгээ. 15 Ингэснээр та нар энэхүү гажууд үеийнхний дотор Бурханы гэм зэмгүй, буруугүй хүүхдүүд байж, ертөнцийн гэрэл мэт гялалзах юм.* 16 Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий гүйж, дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. 17 Хэдийгээр би та нарын итгэлийн тахил ба үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдаж байгаа ч, би баяртай байж, та бүхэнтэй баярлан хөөрнө. 18 Үүнчлэн та нар ч баяртай байж, надтай хамт баярлан хөөрөөрэй.
Тимот Епафродит хоёр
19 Тимотыг та нар луу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүсийн дотор найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно. 20 Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай хүн түүнээс өөр хэн ч надад алга. 21 Тэд бүгд Христ Есүсийнхийг бус харин өөрсдийн ашиг сонирхлыг эрдэг. 22 Харин хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг Тимот надтай хамт сайнмэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ. 23 Тиймээс байдлаа ажиж байгаад даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна. 24 Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэн дотор найдаж байна.
25 Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар луу илгээх хэрэгтэй гэж би бодлоо. 26 Тэрээр та бүгдийг санагалзаж байсан төдийгүй түүний өвчтэй байгааг та нар сонссон тул шаналсан юм. 27 Тэр үнэхээр үхтэлээ өвдсөн. Харин Бурхан түүнийг өршөөсөн юм. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж намайг ч бас өршөөсөн. 28 Тиймээс би Епафродитыг даруй илгээлээ. Тийнхүү та нар түүнтэй дахин уулзаж баярлах бөгөөд миний зовнил ч хөнгөрөх болно. 29 Түүнийг Эзэн дотор бүхий л баяр хөөрөөр хүлээн ав. Тийм хүмүүсийг хүндлээрэй. 30 Яагаад гэвэл тэрээр надад та нарыг орлож, юу дутагдаж байгааг гүйцээх гэж амь өрсөн явж, Христийн ажлын төлөө үхэх шахсан.
- a2:1 эсвэл Ариун Сүнсний өгсөн та нарын дундах нөхөрлөл
- 2:10–11 Иса 45:23 (LXX)
- 2:15 Дх 32:5