3 1 Эцэст нь ах дүүс минь, Эзэн дотор баярла. Та нарт өнөө л зүйлээ бичих нь надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно.
Өмнөхийг эвдэхүй
2 Муу муухай үйлстнүүдээс сэргийл, биеэ зүсэгчдээсa сэргийл. Нохдоос сэргийл. 3 Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод түшиглэдэггүй учраас бид нар л жинхэнэ хозлолынх юм шүү. 4 Махбодод түшиглэх шалтгаан гэвэл надад ч бий. Хэрэв хэн нэг нь махбодод түшиглэх гэдэг бол би бүр ч түшиглэж болно. 5 Би найм дахь хоногтоо хозлуулсан, израил үндэстэн, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хуулийн хувьд фарисай,* 6 идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй хүн юм.* 7 Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцдог. 8 Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх талаар хохирол амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд 9 Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд олдохын төлөө юм. 10 Ингэснээр би Христийг болон Түүний амиллын хүчийг таньж, зовлонгоос нь хуваалцан, Түүний үхэлд Түүнтэй адилхан болгогдоод, 11 үхэгсдээс амилуулагдмаар байна.
Бариа өөд урагшлах нь
12 Би хэдийн олж авсандаа эсвэл хэдийн төгс болчихсондоо бус, харин Христ Есүс намайг Өөрийн болгож авсан учраас би ч үүнийг өөрийн болгож авахын төлөө урагшилдаг. 13 Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, 14 Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. 15 Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв та нар ямар нэг талаар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. 16 Гэвч юунд хүрсэн, түүнээсээ л зуурцгаая.
17 Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла.* 18 Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн одоо Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би уйлан байж хэлж байна. 19 Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхаж, газрын юмсыг л сэтгэдэг. 20 Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх Аврагч Эзэн Есүс Христийг бид тэсэж ядан хүлээж байна. 21 Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.
- a3:2 биеэ зүсэгч: Биеийн хозлолыг аврал олох зам гэж үздэг, итгэл сүсгийг бус янз бүрийн ёс жаягийг гүйцэтгэн хэлбэрдэхийг чухалчилдаг хүмүүсийг зохиогч ийнхүү төлөөлүүлэн хэлжээ.
- 3:5 Үйл 23:6, 26:5; Ром 11:1
- 3:6 Үйл 8:3, 22:4, 26:9–11
- 3:17 1Ко 4:16, 11:1