Янз бүрийн бүлгүүдэд заах зүйлс
2 1 Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. 2 Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэлтэй, хайрладаг, тэвчээртэй байх ёстой. 3 Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирсон, гүтгэгч бус, дарсанд боолчлогддоггүй, сайныг заадаг байх ёстой. 4 Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдэд нөхөр, хүүхдүүдээ хайрладаг, 5 өөрийгөө захирдаг, цэвэр явдалтай, энэрэнгүй, нөхөртөө захирагддаг, гэрийн эзэгтэй байхыг заах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. 6 Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. 7 Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Сургахдаа зөв, хүндлэлтэй байж, 8 буруутгагдахааргүй эрүүл үгээр ярь. Тэгвэл эсэргүүцэгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно. 9 Боолууд аливаа зүйлд эзэндээ захирагдан, таалалд нь нийцүүлж, зөрж эсэргүүцэлгүй, 10 шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуулах учиртай. Тэгвэл хүмүүс бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ.
11 Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж, 12 итгэл сүсэггүй байдал болон ертөнцийн шуналаас татгалзахыг, мөн эдүгээ үед биеэ цэнэдэг ба зөвт, итгэл сүсэгтэй амьдрахыг бидэнд сургадаг. 13 Ингэхдээ бид ерөөлт найдвар буюу бидний аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийллийг хүлээдэг. 14 Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмэн болгон Өөртөө цэвэршүүлэхийн тулд ажээ.* 15 Чи эдгээрийг бүхий л эрх мэдлээр ярь, ятга, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
- 2:14 Дуу 130:8; Гэт 19:5; Дх 4:20, 7:6, 14:2; 1Пт 2:9