Сайныг үйлдэхүй
3 1 Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, 2 хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул. 3 Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, үзэн ядагдаж, бие биеэ үзэн ядаж байв. 4 Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүний төлөөх хайр нь ил болоход 5 Тэр биднийг зөвтөөр үйлдсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм. 6 Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав. 7 Ингэснээр Түүний нигүүлслээр бид зөвтгөгдөж, мөнх амийн найдварын дагуу өв залгамжлагчид болох юм.
8 Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлсийг сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай. 9 Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, сөргөлдөөн, хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй. 10 Хагарал гаргагч хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз. 11 Тийм хүн гажууд бөгөөд нүгэл үйлдэж, өөрийгөө ялладаг гэдгийг мэд.
Сүүлчийн тэмдэглэл
12 Би Артемыг юм уу, Тухикийг чам руу илгээх үед чи Никопольд над дээр яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ.* 13 Хуульч Зен, Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно.* 14 Мөн манайхан үр жимсгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээний төлөө сайн үйлсэд зүтгэхэд суралцаг.
15 Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдтэй хамт байх болтугай.
- 3:12 Үйл 20:4; Еф 6:21–22; Кол 4:7–8; 2Тм 4:12
- 3:13 Үйл 18:24; 1Ко 16:12