Израилын дайснуудыг шүүх нь

2 1 Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа,
Тийм ээ, цуглар.
2 Өдрүүд будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.
Зарлиг нь хэрэгжихээс өмнө,
ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө,
ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.
3 Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ,
Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНийг хайгтун!
Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай.
Магадгүй ЭЗЭНий хилэнгийн өдөр
Та нар нуугдсан байх болно.
4 Учир нь Газ хаягдаж,
Ашкелон эзгүйрч,
Ашдод үд дунд хөөгдөж,
Екрон үндсээрээ сугалагдана.*

5 Далайн эргийн оршин суугчид,
Керетчүүдийн үндэстэн хөөрхий еэ.
Филистчүүдийн нутаг, Канаан аа,
ЭЗЭНий үг чиний эсрэг байна.
Би чамайг устгаж,
Ямар ч оршин суугчгүй болгоно.
6 Тиймээс далайн эрэг нь бэлчээр болно,
Хонин сүрэг ба хоньчдод зориулсан газар болно.
7 Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана.
Тэд тэнд бэлчих болно.
Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ.
Учир нь Бурхан ЭЗЭН нь тэднийг халамжилж,
Сайн сайхныг нь сэргээнэ.

8 Би Моабын элэглэлийг,
Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.
Миний ард түмнийг элэглэж,
Газар нутаг дээр нь ихэмсэглэж байна.*
9 Израилын Бурхан,
Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Би амьд!
Моаб нь үнэхээр Содом шиг,
Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно.
Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар,
Дуусашгүй эзгүйрэл болно.
Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж,
Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.*
10 Түг түмдийн ЭЗЭНий ард түмний эсрэг
Тэд зэвүүцэж, ихэмсэглэсэн тул
Бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авна.
11 ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно.
Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана.
Далайн бүх эрэг дэх үндэстнүүд
Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.

12 “Этиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана.”*

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган,
Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.*
14 Ниневегийн төвд хонин сүргүүд,
Төрөл бүрийн араатнууд хэвтэнэ.
Бэгбаатар, зараа хоёулаа
Багануудынх нь орой дээр хоноглоно.
Шувууд цонхон дээр нь дуулна.
Эзгүйрэл босгон дээр нь байна.
Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.
15 Энэ бол аюулгүй оршдог,
Баяр хөөртэй хот юм.
Тэр зүрхэндээ “Би байна,
Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг.
Тэр яаж эзгүйрэн,
Араатнуудын амардаг газар болсон юм бол!
Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн,
Гараараа зангаж зэвүүцнэ.


  • 2:4–7 Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зех 9:5–7
  • 2:8–11 Иса 15:1—16:14, 25:10–12; Иер 48:1—49:6; Езк 21:28–32, 25:1–11; Амо 1:13–15
  • 2:9 Эх 19:24
  • 2:12 Иса 18:1–7
  • 2:13–15 Иса 10:5–34, 14:24–27; Нах 1:1—3:19