Йерусалимын хилэнц
3 1 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!
2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,
Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй.
Тэр ЭЗЭНд итгээгүй,
Өөрийнхөө Бурханд ойртоогүй.
3 Тэр хотын ноёд нь архирагч арслангууд,
Шүүгчид нь үдшийн чононууд юм.
Тэд өглөө юу ч үлдээдэггүй.
4 Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд
Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ.
Тэд хуулийг завхруулжээ.
5 Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм.
Тэр шударга бус зүйлийг хийхгүй.
Өглөө бүр Тэр
Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг,
Тэр унадаггүй.
Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.
6 “Би үндэстнүүдийг таслав.
Тэдний булант цамхгууд балгас болжээ.
Би тэдний гудамжнуудыг эзгүйрүүлсэн бөгөөд
Хэн ч түүгээр өнгөрөхгүй.
Тэдний хотууд нь хүнгүй,
Оршин суугчгүй хоосон хаягджээ.
7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж,
Зааврыг хүлээн ав гэж Би айлдсан.
Тэгвэл Миний товлосон бүхний дагуу
Амьдрах газар чинь таслагдахгүй» гэсэн.
Гэвч тэд эрт босоод завхарсан
Өнөө бүхий л заншлаа үйлдсэн.
Үндэстнүүдийн шийтгэл ба эргэлт
8 Тиймээс Би олзны төлөө босож ирэх өдөр
Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж,
Хаанчлалуудыг чуулуулж,
Шатаж буй бүх уураа, бас зэвүүцлээ
Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм.
Учир нь Миний хорслын галд
Бүх дэлхий цөлмөгдөх болно.
9 Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө.
Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн
Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
10 Надад мөргөгчид,
Миний тараасан хүмүүс
Этиопын голуудын чанадаас
Надад өргөлийг авчрах болно.
11 Миний эсрэг тэрсэлсэн бүх үйлдлээс чинь болсон
Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй.
Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад
Та нар Миний ариун уулан дээр
Дахин хэзээ ч бардам авирлахгүй.
12 Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж,
Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.
13 Израилын үлдэгсэд ямар ч бурууг үйлдэхгүй,
Ер худал ярихгүй.
Тэдний амнаас мэхлэгч хэл олдохгүй.
Тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй болно,
Тэд хооллож, хэвтэх болно.*
Баяр хөөрийн дуун
14 Сион охин!
Баяр хөөртэйгөөр хашхир!
Израил аа, уухай хадаа!
Йерусалим охин!
Баясан, бүх зүрхээрээ баярла!
15 ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ.
Тэр дайснуудыг чинь зайлуулжээ.
Израилын Хаан, ЭЗЭН
Та нарын дунд байна.
Чи цаашид гай зовлонгоос айхгүй.
16 Тэр өдөр Йерусалимд хандан
“Сион оо, бүү ай.
Гараа бүү унжуул.
17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин,
Та нарын дунд байна.
Тэр та нарын дээр баярлан баясна.
Тэр хайр дотроо чимээгүй байна.a
Та нарын дээр баярын уухайгаа хадаана.
18 “Товлосон найр наадмуудын талаар
Энэлэгсдийг Би цуглуулах болно.
Тэд чамаас ирсэн, Сион оо!
Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.
19 Харагтун, Би тэр цагт
Бүх дарлагч нартай чинь тооцоо хийнэ.
Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж,
Бүх дэлхийд тэдний ичгүүрийг
Магтаал болон яруу алдраар солино.
20 Би та нарыг хамтад нь цуглуулна,
Би та нарыг тэр цагт авчирна.
Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд
Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө.
Тэр үед Би та нарын нүдний өмнө
Сайн сайхныг чинь сэргээх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
- 3:13 Илч 14:5
- a3:17 ЭЗО: Чамд шинэ амьдралыг өгнө.