2 1 Би та нарын төлөө мөн Лаодикт байгаа хүмүүс болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй, 2 түүнчлэн тэдний зүрх сэтгэл хайр дотор холбогдон урам зоригийг олж, бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагт болон Бурханы нууц болох Христийн тухай мэдлэгт хүрээсэй хэмээн хүсэж байна. 3 Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. 4 Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлэг гэсэндээ би үүнийг хэлж байна. 5 Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа ч, сүнсээрээ та нартай хамт байж, та нарын журамтай бөгөөд Христ дэх итгэлдээ баттай байдгийг чинь харж, баярладаг.

Христ доторх дүүрэн амьдрал

6 Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхаж, 7 заалгасан ёсоороо Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлээр батжин, улмаар талархлаар бялхагтун. 8 Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн. 9 Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. 10 Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн Түүн дотор та нар төгс болгогдсон. 11 Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, хүний гараар үйлдээгүй хозлолыг Түүн дотор та нар бас хийлгэсэн. 12 Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдаж, улмаар Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчирхэг үйлс дотор итгэлээрээ Түүнтэй хамт амилуулагдсан.* 13 Та нар тэрслэл ба махбодын хозлолгүйгээсээ болж үхсэн байхад, Бурхан та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний тэрслэл бүхнийг уучилж,* 14 бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгасан. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ.* 15 Тэрээр захирагчид ба эрх баригчдыг зэвсэггүй болгоод,a тэднийг загалмай дээр ялж, нийтэд үзүүлэн болгов.
16 Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.* 17 Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр юм. Харин бие нь Христийнх. 18 Биеэ цээрлүүлэхийг таашаадаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдлээ баримтлан, махбодынхоо ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг. 19 Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй юм.*

Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлэг

20 Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л юм бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, 21 “Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” гэх 22 (хэрэглэснээр мөхөх тавилантай бүхний талаарх) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? 23 Эдгээр нь хүний бий болгосон шашин бөгөөд биеэ цээрлүүлэх, махбодоо зовоох байдлаар мэргэн ухаан мэт харагддаг боловч махбодын хүслийг дарахад ямар ч нэмэргүй юм.


  • 2:12 Ром 6:4
  • 2:13 Еф 2:1–5
  • 2:14 Еф 2:15
  • a2:15 эсвэл Христ сүнслэг захиргаа, эрх мэдэлтнүүдийн хүчнээс өөрийгөө чөлөөлж, эсвэл Христ сүнслэг захиргаа, эрх мэдэлтнүүдийг хүчгүй болгож
  • 2:16 Ром 14:1–6
  • 2:19 Еф 4:16