4 1 Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.*
Нэмэлт зааврууд
2 Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. 3 Түүнчлэн бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. 4 Мөн хэрхэн ярих ёстой минь надад илчлэгдээсэй гэж залбирагтун. 5 Мэргэн ухаанаар цагийг зөв ашиглан гаднынхантай харилц.* 6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.
Төгсгөлийн мэндчилгээ ба хамгаалалтын залбирал
7 Эзэний дотор хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч зарц Тухик маань миний тухай бүгдийг та нарт мэдэгдэх болно.* 8 Учир нь тэр та нарт байдлыг маань мэдэгдэж, зүрхийг чинь тайвшруулаг хэмээн би түүнийг та нар луу илгээв. 9 Та нарын нэг, итгэмжит хайрт дүү Онесимыг түүнтэй хамт явууллаа. Тэд эндхийн байдлыг та нарт бүгдийг нь мэдэгдэх болно.*
10 Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай)* 11 Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Хозлуулагсдаас эд нар л Бурханы хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан. 12 Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Та нар Бурханы бүх хүсэл дотор төлөвшиж, бүрэн итгэлтэй зогсож чадахын төлөө Епафр үргэлж та нарын өмнөөс залбиран тэмцэлддэг.* 13 Тэр та нарын төлөө болоод Лаодик, Хиерапольд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьдаг гэж би түүнийг гэрчилж байна. 14 Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.* 15 Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад,a түүнчлэн тэр эмэгтэйн гэр чуулганд мэнд хүргээрэй. 16 Энэ захиаг та нар уншаад лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикийнхыг уншаарай. 17 Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь” гэж хэлээрэй.*
18 Паул би өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
- 4:1 Еф 6:9
- 4:5 Еф 5:16
- 4:7 Үйл 20:4; 2Тм 4:12
- 4:9 Флм 10–12
- 4:10 Үйл 19:29, 27:2; Флм 24; Үйл 12:12,25, 13:13, 15:37–39
- 4:12 Кол 1:7; Флм 23
- 4:14 2Тм 4:10–11; Флм 24
- a4:15 Зарим гар бичмэлд: Нумфас ба тэр эрийн гэр чуулганд
- 4:17 Флм 2